Дүүргийн ИТХ – ын засаг дарга нараа иргэдэд хөшөөнөөс илүүтэйгээр гэр хороололд гэрэлтүүлэг, камержуулалт гэх мэт аюулгүй байдлыг нь хангасан ажил шаардаж байна. Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулсанаар гэмт хэргийн тоо буурах нь тодорхой юм. Учир нь нийслэл хотод үйлдэгдэж буй танхай, дээрэм, хүчин, хулгай гэх мэт гэмт хэргүүдийн дийлэнх нь харанхуй гудамжинд үйлдэгддэг бөгөөд гэмт хэргийн эзэн холбогдогчийг илрүүлэхэд хүндрэл учирдаг байна.
Гэрэлтүүлэг, камержуулалтын асуудлыг шийдсэнээр гэмт хэргийн тоо эрс буурсан тухай дурьдах жишээ олон бий. Жишээлбэл:БНСУ орц, хонгил, гудамж талбайгаа камержуулж, KBS телевизийн тусламжтайгаар орон байрны хулгайчийн гэмт үйлдлийг тодорхой харуулж, хэдэн арван удаа зүсээ хувилгасан ч алдахгүй баримтжуулж чаддаг. Мөн Дархан-Уул аймгийг бүрэн камержуулснаас хойш гэмт хэргийн зөрчил илтэд буурсан байна.
Нөгөөтэйгөөр гэр хорооллын гудамж, талбайг камержуулахад гудамж бүрт камер суулгах төсөв хөрөнгөнөөс эхлээд тендер шалгаруулалт гэх мэт олон оронтой тоо, асуудал яригдана. Цаашлаад хэрэгжүүлж эхэлбэл сахилгагүй хүүхэд, залуус нь шөнө оройн цагаар чулуу шидэлж, гэрлийн шонгууд шиг хувь заяатай учрахыг үгүйсгэх аргагүй юм. Гэвч эрх бүхий албан тушаалтнууд энэ сэдвийг анхааралдаа авч харанхуй гудамжнуудын асуудлыг шийдвэрлэхгүй гэмт хэргийн тоо буурахгүй л болов уу.
М.Хишигдэлгэр