МЭДЭЭ

Оффшор бүсээс хөрөнгөө татах хугацааг дахин нэг сараар сунгажээ

Хуваалцах:
Оффшор бүсээс хөрөнгөө татах хугацааг дахин нэг сараар сунгажээ
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, данс эзэмших, хуулийн этгээд үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөхийг хуулиар хориглож өгсөн. Үүнтэй уялдуулан өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Засгийн газрын 244 дүгээр тогтоолоор оффшор бүсэд 49 улс орныг багтаасан жагсаалт баталсан. Энэ тогтоол АТГ-т аравдугаар сарын 4-ний өдрөөс албажиж очжээ. Мөн Оффшорын 49 бүс нутагт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-ны Засгийн газрын ээлжит 326 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл оффшор бүсэд 15 улсыг шинээр оруулсан. Тухайлбал, монголчуудын ихээр зорчдог Хонконг, Сингапур, Швейцарь, Макао, Малайз зэрэг 15 улсыг багтаасан юм. Дээрх 244 тогтоолоор 10 сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаанд 49 оффшор бүс нутагт мэдүүлэг гаргагч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүд мөнгөн хөрөнгөө татах, дансаа хаалгах, хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол захиран зарцуулах эрхээ бусдад шилжүүлэх зэргээр оффшор бүс дэх хөрөнгөө татах ёстой болсон. Үүний дараа АТГ-аас оффшороос мөнгөн хөрөнгөө татсан холбогдох албан тушаалтнуудад дахин 30 хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгдсэн. Энэ нэг сарын хугацаанд тэдгээр иргэд оффшор бүсээс хөрөнгөө татсан тухайгаа АТГ-т мэдэгдэж бүртгүүлэх ёстой болсон. Өөрөөр хэлбэл 2 сарын 4-ний дотор АТГ-т эд хөрөнгөө татсан тухайгаа мэдэгдэж бүртгүүлэх ёстой байв. Гэвч энэ хугацаа өнгөрсөн ням гаригт дуусгавар болсон. Тэгэхээр нэгдсэн байдлаар мэдээллээ гаргах гээд эхний ээлжийн хүмүүст хамаарах хуулийн хугацааг дахин нэг сараар сунгаад байна. Сунгасан нэг сарын хугацаа нь гуравдугаар сарын 6-нд дуусгавар болохоор болж байна. Үүнтэй холбоотой иргэдийн зүгээс таагүй сэтгэгдлүүдийг илгээж байгаа юм. Учир нь Оффшор бүс нутгуудад байршуулсан мөнгөн хөрөнгөө татах ёстой байсан хуулийн хугацаа дөрвөн сар өнгөрчихөөд байхад тодорхой үр дүн гараагүй байгаа нь эх орны баялгийг цөлмөж олсон мөнгөө гадаадад нуусан энэ хэрэгт холбоотой бизнесмэн болон төрийн түшээд хуулийг уландаа гишгэж, хоорондоо хуйвалдаж биднийг хуурч байна гэж тэд үзэх болсон юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар хариуцлага хүлээлгэж байгаа нь ч бурууд зөөлөн хандсан явдал гэж үзэх хүмүүс бишгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.10.2-т “Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байгаа юм.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих