Монгол улс ардчилсан буюу чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжиж асан тэрхүү хувьсал өөрчлөлттэй уялдан манай нийгэмд өмнө нь гарч байгаагүй сөрөг зүйл ч гарч эхэлсэн байдаг. Тэрний нэг нь "тэнэмэл "буюу гэр оронгүй, нийгмээс гадуурхагдсан, эцэг эхийн хараа хяналтгүй, гадуур хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн халамж үйлчилгээ авч чаддаггүй, орох оронгүй, эрх нь зөрчигдсөн хүүхдүүд гудамжинд олноор үзэгдэх болсон явдал юм. Тухайн үеийн сонин, телевизийн сэтгүүлчдийн бичих сэдэв, хөндөх өнцөг нь болж байсан тэнэмэл хүүхдүүдийн асуудал сүүлийн үед огт яригдахаа больсон нь гайхаш төрүүүлнэ. Магадгүй сэтгүүлчид энэ сэдвээс залхчихсан байх. Эсвэл тэнүүлч хүүхдүүд урьдынх шигээ олны анхаарлыг татахаа больсон байх.
Гэвч сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд гудамжинд орхиод явсан хүүхэддээ тавих анхаарал сайжирч хүүхдүүдээ татан авсан уу эсвэл эдгээр хүүхдүүд хаачсан бэ гэдэг асуултанд судалгааны байгууллагын мэргэжилтнүүд ч хариулж чадахгүйд хүрээд байна.
Нэгэн эрхэм “Барууны хөгжилтэй орнуудад сахар, зүрх судас, бусад төрлийн хөгжил дагасан өвчнүүд огцом нэмэгдсэн. Үүнээс үүдэж Ази дахь хүний наймаачдын бүлэглэлүүдтэй тэдгээр орны баян хэрэглэгчидтэй хамтарч ажиллаж эхэлснээр бие, эрхтэний наймааны эхлэл тавигдаж, хараа хяналтгүй хүүхдүүд хамгийн том золиос нь болж байгаа юм” гэхийг сонслоо.
Зарим нь “Гудамжинд амьдардаг хүүхдүүд өсч том болоод амьдрал ахуйгаа дээшлүүлээ байлгүй дээ...” гэхийг ч сонслоо. Тэгвэл өөр нэг хэсэг нь “Багаасаа танхай байсан хүүхдүүд нас бие гүйцээд хулгайч, дээрэмчин болоод хэцүү хаалгыг татаа байлгүй” гэнэ. Хүн хүний бодол санаа өөр өөр юм.
Улсын боловсролын их сургуулийн урд автобусны буудлын хажууханд өвөл, зунгүй дуулж суудаг жаалхүүтэй автобус хүлээнгээ хэдэн үг солиход,
-Манай найзыг хар машинтай хүмүүс аваад явсан гэж ярихыг нь сонсоод тэрүүхэн үедээ гайхасхийгээд л өнгөрсөн юм. Гэтэл тэр жаал ч өнөөдөр харагдахаа байжээ.
Гудамжны гэх тодотголтой хүүхдүүдийг “хар машинтай” танихгүй хүмүүс хааш нь авч явдаг юм бол. Үнэхээр эдгээр багачуудыг эд эрхтэн, хүний наймааны золиос болгодог гэх яриа үнэн юм биш байгаа.