Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10.50 цагт эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын гаргасан хүсэлтийн дагуу бүхэлд нь түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн хэргийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь түдгэлзүүлж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших түүхийн дурсгалт Ноён уулыг 31500 га талбай байхаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоол хүчин төгөлдөр байхад тус сумын Иргэдийн төлөөлөгчдын 2015.10.27-ны өдрийн хурлаар дахин 91-р тогтоол баталж нийт талбайн хэмжээнээс 900 га талбайг тасалж Сентерра гоулд ХХК-ийн талд өгсөн асуудлыг Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж Ноён уулаа аврая ТББ-ынхан ялалт байгуулсан юм. Дээрх шүүхийн шийдвэр нь журмын дагуу 10-14 хоногийн дотор талуудад албан бичгээр мэдэгдсэнээр албажин баталгаажих ёстой. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр албан ёсны болсны дараа шүүх хурлыг дахин товлох ёстой гэж нэхэмжлэгч тал үзсэн байна.
Тиймээс Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр албан ёсоор гарсны дараа шүүх хурлыг дахин товлохоор болжээ.
Өчигдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, Г.Уянга, Ж.Ганбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, М.Батбаяр, Г.Эрдэнэболд, гуравдагч этгээдээр “Сентеррагоулд монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн Захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Мөнхбаяр, Д.Жадамба, иргэдийн төлөөлөгч Ч.Батчулуун нар оролцсон юм.
/