Хар тамхины аюул манай улсад гамшгийн хэмжээнд хүрэх цаг ойрхон байна

Хуваалцах:
Хар тамхины аюул манай улсад гамшгийн хэмжээнд хүрэх цаг ойрхон байна

Одоогоос олон жилийн өмнө Эрүүл мэндийн яаман дээр хар тамхины талаар нэгэн хурал зөвлөгөөн болж билээ. Тэр хурал дээр ЭМЯ-ны хариуцлагатай албан тушаалтнаас авхуулаад цагдаа, тагнуулын ажилтнууд хүртэл оролцож байсныг миний бие тодхон санадаг юм. Уг хурал дээр Монгол улсад учирч болзошгүй хар тамхины аюул занал болоод түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замын талаар нарийвчлан зөвлөлдөж, эцэст нь ямар ч үр дүнгүй тарсан билээ.

Тухайн үед миний бие уг хуралд оролцож байхдаа тэдгээр холбогдох албан тушаалтнуудын ярианаас Монгол Улсад хар тамхины аюул бодитойгоор оршин байгааг анх удаа ойлгож авсан бөгөөд гэхдээ энэ аюул занал манай улсад тийм ч бодитойгоор заналхийлэх хэмжээнд хүрээгүй гэж бодож суусан юм. Тэр цагаас хойш олон жил улиран өнгөрчээ. Тэгвэл өнөөдөр хар тамхины аюул манай улсад нэгэнт бодитой бий болж, энэ аюул хаалгаар нэгэнт ороод ирчихжээ. Саяхан хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хийсэн судалгаагаар хар тамхи гэгч энэ аймшигт хар тахал манай улсад зохион байгуулалтын хэлбэрт орж, захиалагч, зөөвөрлөгч, хүлээн авагч, борлуулагч, хэрэглэгч гэсэн “гинжин урвалд” орсон болох нь тодорхой болж, хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь тогтоогдсон байна.

Манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэгт 2006 оноос хойш 1102 этгээд холбогдсон бөгөөд жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж байна. Тодруулбал, 2006 онд хар тамхитай холбоотой 6 хэрэгт 33 иргэн холбогдож байсан бол 2019 оны байдлаар, 276 гэмт хэрэгт 415 иргэн холбогджээ. 

Энэ үүднээсээ жил ирэх тусам хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг ийнхүү өсөн нэмэгдэж байгаа нь манай нийгэмд хамгийн гол тулгамдсан асуудал болоод буйг хууль хүчнийхэн өдөр бүр сануулсаар байна.

Тийм учраас үүнд арга хэмжээ авахын тулд Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн ба уг хуулийн төсөлд хар тамхитай холбоотой гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн иргэнийг 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан байна. Тодруулбал, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах, хадгалах, хэрэглэгчид орон байраар хангах, мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, бусдад дамжуулах зэрэг үйлдэлд оноох ял шийтгэл чангарч байна.

Тэр тусмаа сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтны хүүхдүүд болон урлаг соёлын одууд хар тамхины хэрэгт ихээр холбогдох болсон нь уг гэмт хэргийн хүрээ хумигдах бус харин ч зохион байгуулалттай хэлбэрт орж нэмэгдэх шинжтэй байгааг батлан харуулсаар байна.

Манай улсын хувьд хар тамхины хоёр урсгалтай гэгддэг бөгөөд эдгээр нь БНХАУ болон ОХУ юм. Гэхдээ хар тамхи зөвхөн эдгээр орнуудаас зөөвөрлөгдөн орж ирдэг гэвэл томоохон эндүүрэл бөгөөд монголчууд өөрсдөө эх орондоо хар тамхи тарьж ургуулдаг нь нэгэнт тодорхой болсон. Социализмын үед орос цэргүүд манайд олноор орж ирж “Олс”-ны төрлийн ургамлыг хар тамхи болгон хэрэглэж байсан ба сүүлд 1960-аад оны үеэс монголчууд Ховд аймагт “Олс”-ны ургамлыг өөрсдөө ихээр тариалах болжээ. Энэ байдлаас дүгнэж үзэхэд манай улсад гэмт хэрэгтнүүд өөрсдөө хар тамхи тариалдаг нь бодитой болсон бөгөөд иймд төр засгаас цаашид хар тамхитай тэмцэх стратегтаа даруйхан шинэчлэлт хийхгүй бол удахгүй гамшгийн хэмжээнд хүрэх цаг ойрхон болоод байна.

Олон улсын байгууллагын 2016 онд хийсэн судалгаанаас харахад дэлхий даяар өдөрт 300 сая хүн хар тамхи хэрэглэдэг гэсэн тооцоо байгаа бөгөөд үүнээс 30 сая нь хар тамхины гүнзгий хамааралтай гэсэн судалгаа байна. Харамсалтай нь манай улсад илэрч байгаа хар тамхины хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд өсвөр насныхан энэ хэрэгт илүү ихээр холбогдох болсон нь маш ихээр сэтгэл түгшээж байна.  

Энэ үүднээсээ гуравхан сая хүнтэй, хүн амын дийлэнх нь залуучууд эзэлдэг манай улсын хувьд энэ бол аюулын харанга гэж хэлэхэд хилсдэхгүй юм. Мэдээж хар тамхины нууц бизнес хийж ашиг олж байгаа этгээдүүд өөрсдийн зах зээлийг тэлэхийг эрмэлзэх нь тодорхой бөгөөд судалгаанаас харахад тэд зөвхөн баян чинээлэг хүмүүсийг биш, амьдралын боломж муутай залуусыг ийм хэрэгт татан оролцуулах нь элбэг байна. Ялангуяа үүнд өсвөр насны охид, дунд сургуулийн хүүхдүүд ихээр өртөх болсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг цагдаагийн байгууллагаас онцлон анхааруулж байна. 

Өнгөрсөн 2020 онд хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар нь авч үзэхэд насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 38 хувь, 26-35 насны холбогдогч 88 хувиар нэмэгдсэн нь энэ асуудал яг л хорт хавдар шиг томорч буйг нотолж байгаа юм.

Хүн эхээс төрөхдөө хэзээ ч гэмт хэрэгтэн болж төрдөггүй. Тэр утгаараа өнөөдөр монголчууд уламжлалт соёл, заншил, хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд анхаарахгүй бол ерөөсөө болохгүй болсон нь дээрх тоо баримтаас тодорхой харагдаж байна. Ерөөсөө сүүлийн 25 жилийн хугацаанд монгол айл гэр бүлийн зөнд нь хаясан зүйлийн нэг бол хүүхдийн хүмүүжил гэж хэлэхэд огтхон ч хилсдэхгүй бөгөөд үргэлж л хүний эрх, эрх чөлөө ярьсаар хүүхдээ зөв, сахилгатай хүн болгох асуудлыг бүр мөсөн орхигдуулсан гэдэг нь бодит үнэн юм.

Тийм болохоор өнөөдөр монголчууд бидэнд  үр хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж байгааг анхаарахаас эхлээд ерөөсөө эцэг, эхийн хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хаа сайгүй түгээх шаардлага нэн даруй хэрэгтэй байна. Мэдээж ард иргэд нь уур хилэндээ живсэн ийм нийгмээс гэрэл гэгээ цацрахгүй нь тодорхой учраас монголын ард түмэн өнөөдөр хэчнээн хүнд цаг үеийг туулж байгаа ч гэсэн дэлхий нийтээрээ “цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхины гэмт хэргийн золиос болох учиргүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болоод байна.

 

Ж.Батдорж


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх