Богд уулын газар олголттой холбоотой асуудлаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Таэрбээр “Улаанбаатар хот, Богд хан уул өнөөдөр ямар хэмжээтэй барилгажсан байна, үүнээс ямар том том асуудал үүсэж байна, Зам харилцаа, дэд бүтэц, Зайсанд амьдарч байгаа иргэдийн ууж байгаа уснаас ялгарч байгаа нян, ялгадаснаас болоод олон асуудал үүсэж байна. Нөгөө талдаа суурьшлын бүс үүссэнтэй холбогдуулаад сургууль, цэцэрлэгийн асуудал хөндөгдөж байна. Тийм учраас бид нэг мөр эдгээр асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тул тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуульд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд өөрчлөлт, шинэчилсэн найруулга хийхээр бүх бэлтгэл ажлыг хангаж ирсэн. УИХ-аар хараахан орж амжаагүй байна. 1995 оны 26 дугаар тогтоол гэж УИХ-аас баталсан тогтоол байдаг. Үүнд, Тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг УИХ-аас тогтоож өгсөн байдаг.
Одоогоор шүүхийн маргаантай 100 орчим газар байна. Бидний ашиглалтыг нь цуцалсан газрыг шүүхээс шийдвэр гарч, бидний шийдвэрийг цуцалсан тохиолдлууд бий. Зайсанд олон жил амьдарсан атлаа газраа аваагүй иргэд одоо ч бий. Гэтэл ААН-үүд газар авчихсан. Баянзүрх дүүрэгт 192 хуулийн этгээд барилга барих ашиглалтын зөвшөөрөлтэй. Дуучин Б.Болдтой холбоотой асуудлыг өнөөдөр дахин хөндөж байна. Энэ хүний нэр дээр барилга, үл хөдлөх хөрөнгө нь бүртгэлтэй ч газар нь өөр хүний нэр дээр байна. Газрын төлбөрийг Газрын алба авч улсын төсөвт төвлөрүүлдэг. Сүүлийн хоёр жилд зөрчлийн 180 хэрэг гаруйг үүсгэсэн. Газрын төлөв байдал алдагдуулсан, хууль бусаар барилга барьж эхлүүлсэн, газрын төлбөрийн үлдэгдэлтэй, хугацаандаа хүсэлт гаргаагүй гэх мэт зөрчил олон гарсаар байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын байцаагчид байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээнд 1.2 тэрбум төгрөгийн торгууль, шийтгэл оногдуулсан байна. Жаргалантын аманд барилга барьсан хоёр ААН-д хэрэг үүсгэсэн" гэлээ.

























































































