
Ерөнхийлөгч Байден АНУ-д үйлдвэрлэсэн пуужингуудыг Украинд ниийлүүлж, Оросын гүн рүү харвах зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан нь Москвагийн дургүйцлийг хүргэв. Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд АТАКМС гэгддэг Америкт үйлдвэрлэсэн 200 милийн тусгалтай пуужингуудаар Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхийг зөвшөөрсөн. Зеленскийн Засгийн газар удаан хугацааны турш алсын тусгалтай пуужинг ашиглах зөвшөөрөл авахыг Вашингтоноос шахаж байсан ч Байдены засаг захиргаа дайныг улам хурцатгаж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас татгалзаж байв. Харин амралтын өдрүүдэд тооцоолол өөрчлөгдсөн бололтой. Байден Трампад Цагаан ордны түлхүүрийг хүлээлгэн өгөхөд хоёр сар орчмын хугацаа үлдээд байна. Вашингтоны захиргаа бодлогоо өөрчилснөөр Украины арми урьд урьдынхаас илүү хүчтэй хариу цохилт өгч, Орос руу илүү ойртох боломжтой болно. Украины хүчнийхэн хэдэн сарын турш нисгэгчгүй онгоцоор Оросын нутаг дэвсгэрт, тэр дундаа Москваг чиглэн довтолж байгаа боловч үр дүн нь хязгаарлагдмал байгаа билээ. Зеленский АНУ-ын бодлогод гарсан өөрчлөлтийг сайшаасан бол Москвагийн хууль тогтоогч Леонид Слуцкий Байденыг "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, түүхэнд "Цуст Жое" нэрээр үлдээхээр шийдсэн" гэж буруутгаж, шүүмжилсэн байна. Харин сенатор Владимир Жабаров Оросын төрийн мэдлийн ТАСС агентлагт хэлэхдээ, Байдены “Энэ шийдвэр нь дэлхийн гуравдугаар дайн эхлэхэд түлхэц болсон том алхам боллоо" гэж мэдэгджээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу