Трамп АНУ-д экспорт хийж буй дэлхийн 185 улсад нэмэлт 10 хувийн тариф ногдуулахаа мэдэгдэв

Хуваалцах:
Трамп АНУ-д  экспорт хийж буй дэлхийн 185 улсад нэмэлт 10 хувийн тариф ногдуулахаа мэдэгдэв

АНУ-д экспорт хийж буй бүх улс орон буюу дэлхийн 185 улсад нэмэлт 10 хувийн тариф ногдуулахаар болсныг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Мөн АНУ-тай хийж буй худалдаа нь хамгийн тэнцвэргүй буюу АНУ-ын алдагдал өндөр байгаа улс орнуудад илүү өндөр тариф ногдуулсныг онцлоод тарифын бус бусад худалдааны саад, хязгаарлалтуудыг шийдвэр гаргахдаа авч үзсэн гэж тодотгосон байна.

Европын холбоо болон Вьетнам улсын тарифыг огцом нэмэгдүүлсэн бол БНХАУ-д нэмэлт 34 хувийн тариф ногдуулж, нийт тарифын хэмжээ нь 54 хувь боллоо. Энэ нь 2024 онд АНУ-ын БНХАУ-аас импортолсон 525 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүний дийлэнхийг хамрахаар байна. Ингэснээр БНХАУ-ын АНУ-д хийгдэх экспорт буурах хүлээлт үүслээ. Дональд Трамп БНХАУ-ын импортын бараа, бүтээгдэхүүнд аль хэдийн 20 хувийн тариф ногдуулаад байсан юм. 

Дональд Трампын төлөвлөгөөний дагуу  тарифыг тооцохдоо тухайн улсаас АНУ-ын бараа, бүтээгдэхүүнд оноодог тарифын тал орчим хувьтай тэнцэхээр тогтоосон гэж мэдээлсэн байна. Гэхдээ тарифын суурь хэмжээг 10 хувь байхаар тооцжээ. Импортын суурь тариф бямба гарагийн 00.01 цагаас хэрэгжиж эхлэх бол илүү өндөр тариф ногдуулсан улс орнуудын хувьд дөрөвдүгээр сарын есний өдрийн 00.01 цагаас эхэлнэ гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна. 

Харин хар тамхины наймаа, хууль бус цагаачлалтай холбоотойгоор Канад болон Мексик улсад АНУ 25 хувийн тарифыг аль хэдийн ногдуулаад байгаа бөгөөд энэхүү тарифын арга хэмжээ хүчинтэй хэвээр байгаа тул шинэ тариф нэмж зарлаагүй аж. Түүнчлэн Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаандаа байгуулсан Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт хамрагдсан бараа, бүтээгдэхүүний хөнгөлөлтүүд хэвээр үлдэхээр болжээ. 

"Хэрэв 60 хувийн тариф ногдуулсан тохиолдолд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хоёр суурь нэгжээр буурна" гэсэн тооцоололтой байгаагаа “Macquarie Group”  мэдээлсэн байна. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих