
Илон Маск “Таван жилийн дараа ч “Tesla” компанийг удирдсан хэвээр байж, улс төрөөс зайгаа авна” гэж мэдэгдлээ. Энэ нь “Tesla”-ийн ирээдүйд санаа зовниж эхэлсэн зарим хөрөнгө оруулагчдад таатай мэдээлэл байлаа гэж хэлж болохоор байна. “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индексийг 375.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр тэргүүлдэг Илон Маск “Tesla”-д эзэмшдэг хувьцааныхаа хувь хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлжээ. Хэдий тийм боловч энэ нь хөрөнгийнхөө хэмжээг нэмэгдүүлэх гэхээс илүүтэй компани дахь эрх мэдлээ нэмэгдүүлэх зорилготой гэж тодотгосон байна.
Тэрбээр мягмар гарагт Доха хотноо болсон Катарын Эдийн засгийн форумд оролцох үедээ "Энэ бол мөнгөний асуудал биш. Харин компанийн ирээдүйг хянах боломж" хэмээн онцолжээ. Илон Маск 2008 оноос хойш “Tesla”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид дундаас удирдах албан тушаалаа хамгийн удаан хугацаанд хашиж буй цөөхөн хүмүүсийн нэг. Энэ оны эхээр “Tesla”-ийн борлуулалт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа буурсан юм.
Тиймээс түүний компаниа цаашид хэр удаан удирдах нь анхаарлын төвд байна. Илон Маск Гүйцэтгэх захирлаар үлдэхээ илэрхийлсний дараа “Tesla”-ийн хувьцааны ханш 3.6 хүртэлх хувиар өссөн байна. Энэ он гарсаар тус компанийн хувьцааны ханш 14 хувиар буураад байсан юм. Үүнээс гадна өнгөрсөн дөрөвдүгээр сард “Tesla”-ийн Европ дахь борлуулалт эрс буурсан байна. Тиймээс автомашины зах зээл тус компанийн хувьд хамгийн сорилттой зах зээл болоод буй ч бусад зах зээлд өсөлттэй байгаа гэж мэдээлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу