НИЙТЛЭЛОнцлох

Ерөнхийлөгч болох шатарт Шатар Ерөнхий сайд яаж нүүх бол!

Хуваалцах:
Ерөнхийлөгч болох шатарт Шатар Ерөнхий сайд яаж нүүх бол!

Ерөнхий сайдаа томилоод авлаа. Г.Занданшатар ч дориун бэлтгэгдсэн хүн байна. Арван цаг ярьлаа. Тун дажгүй шүү. Иймэрхүү Ерөнхий сайдтай байхад ч яахав дээ гэх маягийн бодол нийгэмд төрөх маягтай. Гэхдээ , нэг сонин юм болоод байна. Ардчилсан намын дарга Л.Гантөмөр нэг үг хэлэв ээ дээ. Бүтээмжийн менежерүүдийг халбал Ерөнхий сайдын, тодруулбал Г.Занданшатарын арьсыг хуулна гэлээ. Энэ ямар учиртай үг гэдгийг ухбал их хоржоонтой утга гарна. Тэр бол ерөөсөө л 2027 оны сонгуулийг бодсон өрөг, өдөлт юм. Л.Гантөмөр өнгө ороод, эрүү түүш нь улам түмбийгээд, хийморь лундаа ороод байгааг нийгэм анзаараад л байгаа. Бүтээмжийн менежерүүдийг халах нь Г.Занданшатарын эхний ажил нь тодорхой. Яг ингэж халахыг Л. Гантөмөр хүлээж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, Г.Занданшатар тэднийг халах нь эхний удаа шууд Л.Гантөмөрийн ам мэх, ам тонгороонд орчихож байгаа хэрэг. Нийгэм ч тэгж харна. Ингээд Л.Гантөмөр барьцаа ахиулаад явчихна. Сэнжигдээд, хөмрөөд, тонгороод л, бүр нохой мордоно. Засгийн газар тэгүүлэхээр нийгэм, эдийн засгийн нөхцөлд бүрдэж байгаа юм чинь. Хорин долоо онд бэлтгэгдэж байгаа Г.Занданшатар эхний тоосоо, дараа дараагийн тоосоо  хонгондоо авна. Шороодлогоос салахгүй, салгахгүйг Л.Гантөмөр хараад байна, харчихаж байгаа юм.  Ардчилсан нам ингээд хорин долоон оны сонгуульд одооноос уяа сойлго жигдрээд, Л.Гантөмөр эрүү түүш тэнийгээд байгаа нь энэ юм шүү дээ. Г.Занданшатар өнөөдар Засгийн газрын бүтцээ бий болгоно. Түүний бүтэц хэр ухаалаг гарах нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй шууд уягдана. Л.Гантөмөр, Ардчилсан намгүй Засгийн бүтэц бий болно. Л.Гантөмөрийн нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал хаашдаа өдөр бүр нэмэгдэж эхэллээ. Хорин долоон хүртэл нэмэгдэнэ. Н.Алтанхуягаас эхлээд бяраа мэдэрчихсэн л харагдана. Ерөнхийлөгчид өөрийгөө уяад эхэлчихсэн байна лээ.  Бямбаагийн Нямтайшир гэдэг нэр дэвшигч хорин долоон онд гарч ирнэ. Н.Номтойбаяр даргатай Үндэсний эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигч байна. МАН-ын нэр дэвшигчийн саналаас бүрмөсөн зулгаана. Н.Номтойбаярын МАН дахь нөлөө байсаар байна. Цаашид ч байх бололтой. Сая Ерөнхий сайдад хүнээ дэвшүүлэх хэмжээнд ажиллаж байна бус уу. Г.Тэмүүлэн өлхөн зуун санал авчихаж л байна лээ. Энэ бол Н.Номтойбаярын л нөлөө. Тогмидын Доржхандын ХҮН МАН-тай эвсэж сонгуульд орж таарах байх. Салж ч орж мэдэх. МАН-ын хамтралын цул байдал нь алдагдана. Мөн л санал нь сарнина. Тэгвэл ИЗНН Ардчилсан намтай, уг үзүүр нэгтэй энэ хоёр нам нийлээд сонгуульдчихад Ерөнхийлөгчийн сонгууль шууд тэдний хамтралд очно. Энэ бол үнэмлэхүй өндөр магадлалтай. Бараг тодорхой зүйл.  МАН,ИЗНН,ХҮН,НОМТ эвсэл нийлээд ч үзсэн АН ер нь л цээж өлгөнө. Ер нь дийлнэ гэж үзнэ дээ. Өнөөдрөөс “зодоглоод” эхэлчихэж байгаа юм чинь, арга байхгүй. Гэхдээ олны хүч гэж байдаг л даа. Зөв нийлсэний олны.  АН ИЗНН хоёр нийлээд, МАН,ХҮН-ийг хамжуулаад,  НОМТ-ын Нямтайшир нэжгээдээр ноцолдоход,  ноололдоход,  эхний хамтрагч хоёр нь мөн л ялна. Энэ бол улс төрийн өрнөх процессын үлэмжийн үнэн харагдаж байна. Ёстой ч нэг маргаангүй юм байх аа. Гомбожавын Занданшатар 2027 оныг л бодож Ерөнхийлөгч болох гэж Ерөнхий сайд болж байгаа хүн. МАН тийм учраас л түүнийг Ерөнхийлөгчтэйгээ, бүх намаараа дэмжиж ийнхүү Ерөнхий сайд болголоо биш үү. Г.Занданшатарын байгуулах Засгийн газар түүнийг Ерөнхийлөгчид хүргэж чадах уу! Энийг л харцгаая даа. Уг нь шатарчин, эрдэм номын л хүн гээд байгаа юм. Ерөнхийлөгч болох шатарт Шатар Ерөнхий сайд яаж нүүх бол! Сонихон доо.

Б.БАЯР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих