
Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзог 2022 онд буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноохыг прокурорууд шаарджээ.
Прокурорууд пүрэв гарагт Нара дүүргийн шүүхэд болсон 15 дахь шүүх хуралдааны үеэр Ямагами Тэцүяад хүн амины хэрэг болон бусад хэргээр ял төлөвлөжээ. Тэд уг гэмт хэрэг нь дайны дараах үед гарсан ноцтой бөгөөд урьд хожид байгаагүй хэрэг байсныг дурдаад, маш харгис хэрцгий, хорлонтой үйлдэл гэж тодорхойлсон байна.
Тэцүяаг Японы баруун нутгийн Нара хотод сонгуулийн кампанит ажлын үеэр Абэ Шинзог гар хийцийн буугаар буудсан хэрэгт буруутгаж байгаа юм. Өдгөө 45 настай шүүгдэгч нь 10 дугаар сард шүүх хурал эхлэх үед өөрт нь тулгасан ялыг хүлээн зөвшөөрсөн байна.
Тэцүяа шүүх хурлын үеэр Абэ Шинзог улс төр болон “Эв нэгдлийн сүм” гэгддэг шашны бүлгийн хоорондын холбоо хамаарлын гол хүн гэж үздэг байсан тул түүнийг онилсон гэжээ. Түүний өмгөөлөгчдийн хэлснээр, эцүяагийн ээж нь шашны бүлэгт их хэмжээний хандив өргөж, түүнийг бага байхаас нь хойш гэр бүлд нь ихээхэн асуудал үүсгэсэн байна.
Түүнд оноохоор төлөвлөж буй ял олны анхаарлыг татаж байна. Өмгөөлөгчдийн зүгээс Тэцүяаг яллахдаа хүүхэд насандаа үзэж туулсан хүнд хэцүү нөхцөл байдлыг нь харгалзан үзэхийг хүсжээ.
Прокурорууд ял оноохыг шаардахаас өмнө Абэгийн бэлэвсэн эхнэр Абэ Акиэ өмгөөлөгчөөрөө дамжуулан үзэл бодлоо илэрхийлсэн байна. Шүүх хурал дээр уншсан мэдэгдэлд Абэ Акиэ шүүгдэгчийг хийсэн зүйлийнхээ хариуцлагыг шударгаар хүлээж, нүглээ наминчлаасай гэж хүсэж байгаагаа хэлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу