
Сүүлийн үед зайлшгүй хөндөх асуудлын нэг Tynda мusic болоод байна. Миний мэдэхээр бүтэн жилийн туршид сард 3-5 удаа танхим дүүрэн үзэгчтэй тоглолоо. Тасалбар нь чамгүй үнэтэй. Хоёулаа оркестр гэсэн сүржин рекламыг эртнээс цацаж, дэлхийд алдартай киноны дуу, хөгжмийн ориг бичлэгийг рекламандаа дэвсэж, гадаадын хөгжимчид сэтгэл хөдлөлөө барьж ядан хөгжимдөж байгаа дүрслэлтэй, ямар ч хөгжим сонирхдоггүй хүн ч очиж үзэхээр кино шиг рекламнууд хийжээ.
Гэтэл бодит байдалд Tynda.music нь арав гаран хүнтэй, BN Team orchestra нь арав хүрэхгүй хүнтэй, тэд бүгд монголчууд. Удирдаач нь казак. Тоглож байгаа хөгжмүүд нь сонирхогчдын урлагийн үзлэгээс ялгарахгүй, юун тэр гайхалтай хөгжим. Ямар ч бэлтгэл байхгүй, найруулга байхгүй, хөг, дуугаралт байхгүй, зүгээр л хэдэн төгрөг өгөөд манайхны хэдэн хөгжимчдийг суулгачихсан. Манай уран бүтээлчид ч хэчнээн мөнгө хэрэгтэй байсан ч ийм юмыг дэмжиж оролцдог нь яаж байгаа юм бэ. Монгол Улсын маань нэр гарна шүү дээ.
Дараа нь “Бид найруулга муутай нот өгсөн гэхгүй монголчуудын чадвар л ийм гэж ярина. Энэ их хортой л доо. Наанадаж мэдлэггүй хүнд сонгодог урлагийг муухайгаар сурталчилж, сонирхолгүй болгож байна. Цаанадаж манай мэргэжлийн урлагийн байгууллагуудын болон хөгжимчдийн нэр хүндийг асар ихээр унагаж байна. Энэ мэт луйвраас биднийг хэн хамгаалах вэ. Соёлын яам, мэргэжлийн урлагийн байгууллагынхан анхааралдаа авна уу.
Амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр энэ жил бүтэн тоглох хуваариа гаргасан байна билээ. СТӨ хэдэн хүний суудалтай билээ, тасалбар нь хэд билээ. Бодох л хэрэгтэй. Манайхан ч гадаад гэхээр л ухаан жолоогүй шуурдгаа болимоор байна. TYNDA music, BN orchestra хоёрыг хэзээ ч битгий үз. Монгол оркестроо үз. Монголчуудын олон гоё, тэр байтугай киноны хөгжмийн тоглолт хүртэл байна шүү дээ. Манайхны чадвар өндөр шүү. Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран сайхны унхиагүй бодлогууд, дэмжиж ажиллах ёстой яамны бодлого муугаас болж зөвхөн Tynda мusic ч биш гадаадын халтуур хөөсөн хэдэн нөхөд гаарч байна. Соёлын дархлаа гэдэг улс үндэстнийг хамгаалдаг том хүчин зүйл шүү. Гадны урлаг нэртэй халтуурчдын довтолгооноос хэн биднийг хамгаалах вэ. Ядаж л улс оронд минь татвараа төлдөг гэж найдъя даа!




