Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өнөөдөр дуусаж байна. Түүнийг 2020 оны зургаадугаар сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаараа томилж байв. Ийнхүү хуульд заасан бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй юм.
Үүнтэй холбоотойгоор түүнийг улираан томилох эсэх асуудал ойрын өдрүүдэд яригдаж эхлээд байна. Учир нь, өнгөрсөн лхагва гарагт ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно" гэсэн заалтын "...зөвхөн нэг удаа..." гэсэн хэсэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, хүчингүй болгосон юм. Ингэснээр Д.Ганзоригийг Ерөнхий шүүгчээр улираан томилох боломжийг нээсэн ч улираах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрвээ улираан томилбол АН эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд Д.Ганзориг албан тушаалдаа байвал МАН-д хэрэгтэй байдаг. Гэтэл АН бүх хүчээрээ эсэргүүцэн улс төрийн тогтворгүй байдал үүсчих гээд байдаг. Улс төрийн энэхүү хайчин дунд томилох уу , эс томилох уу гэдэг нөхцөл байдал үүсээд буй юм. Тиймээс улс төрийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлж, одоогоор харзнасан байдалтай байна. Д.Ганзоригийг улираан Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилбол тэрбээр дээд шүүхийг 12 жил толгойлсон анхны хүн болно.






























































































