УЛС ТӨРОнцлох

Цэндийн Цогтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилж чадвал Шүүхийн үйл ажиллагаа зөв эрүүл болох тун магад

Хуваалцах:
Цэндийн Цогтыг  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилж чадвал Шүүхийн үйл ажиллагаа зөв эрүүл болох тун магад

Чагдаагийн Хосбаярыг Дээд шүүхийн дарга-Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэх маягийн төлөв бий болоод байв. Жаран нас мөд хүрэх түүнээр “зохих” ажил хийлгээд хуучин Д.Ганзоригоо жинхлэх юм билээ гэсэн ч мэдээлэл гарсан. 

Тэгтэл Дээд шүүхийн 22 шүүгч санал хураахад Цэндийн Цогтыг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар 11 шүүгч дэмжжээ. Хоёр хүн Ч.Хосбаярыг дэмжсэн, 9 цагаан хуудас гарсан буюу хэн нэгнийг дэмжихгүй байгаагаа хэсэг бүлэг хүн илэрхийлсэн байгаа юм. Хачирхалтай. Есийн есөн хүн санал өгөөгүй нь бүр сонин. Энэ есөн хүн хуучин Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн багцын хүмүүс байсан байх магадлалтайг ажиглагчид хэлж байгаа юм. Эсвэл нэр нь явж байгаад сүүлийн шатанд орж ирээгүй Б.Батсүрэн шүүгчийг дэмжигчид байв уу. Харин “бодлогын” гэгдэх Ч.Хосбаярт өөрөөс нь гадна ганцхан хүн санал өгсөн байж таарах нь. Бас ч хуучны шүүгч Ч.Хосбаярыг дэмжээгүй нь бодлогын гэх томилгооноос Дээд шүүхийн шүүгчид залхсан, татгалзаж байгаа учраас энэ алхмыг хийсэн байж болох.

Дээд шүүхийн шүүгчид бол халдашгүй, өөрсдийгөө үнэлдэг бас их хичээж амьдарч ирсэн оршихуйтай хүмүүс. Өрнөж буй эл байдлаас үзвэл Дээд шүүхийн шүүгчид, тухайлбал Ц.Цогтод санал өгсөн 11 хүн болон бодлогын хэн нэгнийг дэмжээгүй бусдаас нь ч Дээд шүүх өөрөө бодлоготой, бие даасан, хараат бус байхаа эрхэмлэсэн үзэл санааны нэгдэл гэж харагдаж байна. Хэрэв энэ агуулгаар цуллаж нэгдсэн бол үүн шиг сайн зүйл хаа байх вэ. Шүүх засаглал шүү дээ. Энэ том эрх мэдэл дээрээс хараат байх, зохисгүй хүн удирдбал шүүх тогтолцоо бүхэлдээ ямар их золиотой, нэр хүндгүй болдгийг Дээд шүүхийн шүүгчид гүн ухамсарласан байх талтай нь ажиглагдаж байна. 

Хэрэв чингэж ухамсарлаж, Ц.Цогтоор шүүх засаглалын нэн шинэ хуудсыг, хараат бус, бие даасан, шударга ёс хангасан ийм цаг төлвийг эхлүүлж байгаа бол үнэхээр талархалтай. Ц.Цогтыг нийгэм бүхэлдээ талархан хүлээж авч байгаа нь илт. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга асан Н.Лүндэндоржоос бусад бүх хүн, ялангуяа хуулийн салбарын шилдэг идрүүд шууд алга ташиж байна. Чухам үүнээс Ц.Цогт өөрөө хэн болох нь танигдана. Ер нь дээрээс хараат, үе үеийн Ерөнхийлөгчдөд үйлчилж ирсэн, шударга ёс алдаглуулж, хонгилын бүтэц болж ирсэн шүүхэд гэгээ болсон Ц.Цогт, Ж.Оюунтунгалаг нарын шазууртай, итгэл үнэмшлээ, мэргэжлийн ёс зүйгээ, эр зоригоо алдаагүй цөөхөн шүүгчдийн нэрс ов товхон дуулдаж ирсэн нь нууц биш. Цэндийн Цогт бол элдэв пи ар, эрх ашгийн цөмрөлгүй, гагцхүү чигч шүүгчийн ёсоор зугуухан дэвшиж ирсэн эдүгээ 51 настай хүн байна. Энэ хүн бол манай улсын Шүүх байгууллагад итгэл үнэмшил, бодит өөрчлөлт, дэвшлийг авчрах эсэх нь одоо түүнийг батламжлах Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хамаарах нь.

 Хуулиараа 14 хоногт багтаах учиртай юм билээ. Ер нь ирэх долоо хоногт Ерөнхийлөгч түүнийг батламжлах биз ээ. Д.Ганзоригийг буугаад Дээд Шүүх даргагүй байх энэхэн завсар үед , өчигдөр Эрдэнэтийн их удсан нэг том хэрэг шүүгдлээ. Захирал асан Ц.Даваацэрэнг буруутгаж, хамгийн гол нь Ачит ихт компаниас 110 тэрбумын төлбөр гаргуулж Эрдэнэт үйлдвэрт ноогдуулах шийдвэрийг гаргасан байна. Энэ бол шүүх эрүүл ажиллаж байгаагийн, эрүүл ажиллаж эхлэх эрмэлзэлтэй байгаагийн илэрхийлэл болж харагдаж байна гэхэд хилсгүй.

Монголын уул уурхай, баялаг дээр янз бүрийн аргаар эзэн суусан гадна, дотны олигархиуд шүүхэд яаж нөлөөлдөг, шүүхийг яаж “эзэмшигчтэй” нь хамт тонодогийг ойлгодог болсоон, мэддэг болсоон, Монголын ард түмэн. Хуулиар яаж дээрэм хийдгийг Монголын эрүүл саруул шүүгч болгон мэдэж байгаа. Одоо эдүгээ УИХ дээр зэсийн АМНАТ-ыг бууруулах хууль лоббидон, ОНТРЭ чигтээ гадагш хулуун сэдэлтэй явж байгаа Г.Дамдинням, Б.Уянга нарыг ч хууль шүүхийн шударгууд анхааралтай ажиглаж л байгаа.

Хамгийн гол нь Цэндийн Цогтыг Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг дэвшүүлсэн Дээд шүүхийн шүүгчдийн санал бол “Шүүхээ аврах гэсэн, үнэн болгох гэсэн” нэг тийм эрмэлзэлтэй болох нь тун ойлгомжтой байна. Тиймээс Цэндийн Цогтыг  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилж чадбал Шүүхийн үйл ажиллагаа зөв эрүүл болох тун магадтайг эрүүл оюун ухаантай түмэн олон бүрнээ ойлгож дэмжиж байна аа.

З.НОМУНТӨГӨЛДӨР


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх