УЛС ТӨРОнцлох

Хуульчдын ноён оргил гэгдэх Цэц цэгцрэх замдаа орох уу?

Хуваалцах:
Хуульчдын ноён оргил гэгдэх Цэц цэгцрэх замдаа орох уу?

    Үндсэн хуулийн Цэц хэмээх байгууллага өөдлөн дэвшихээсээ илүүтэй уруудах болсон. Анхнаасаа ч нэр цэвэр байгаагүй. Дарга асан Д.Одбаяр нь БНСУ-руу нисэж байхдаа онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрснийг БНСУ, Монголоор нэг шуугьж, нэр нүүрээ барсан. Өдгөөгийн дарга Г.Баясгалан ч дутахгүй. Түүний ажлын байрандаа хөл дээрээ тогтож чадахгүй согтуу хөлчүү байгаа бичлэг дэлгэгдэж, хүү нь хар тамхины хэрэгтээ БНХАУ-д ял эдэлж байхад нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан Монголд шилжүүлэн авчирсан гээд хуулийн “ноён оргил” гэгддэг Цэцийн нэр хүнд шалдаа унасан. Нөгөөтэйгүүр, улс төрийн шийдвэр нь эх баригч нам талдаа үйлчилдэг гэх шүүмжлэл ч үнэний ортой юм.

Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нараас өөр нэр цэвэр хуульч МАН, АН-д алга уу?  

Энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад жил тойрон болсон ч томилгоо хийлгүй сунжирсан. Мөн Цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Өөрөөр хэлбэл, ҮХЦ-д хоёр сул орон тоо гарсан юм.

Үндсэн хуулийн 35.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Монгол Улсын Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүх санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.

УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хоёр томилгоо хийх боломжтой ч түүний санал болгосон хүмүүс шүүмжлэлийн ”бай” болсон. Тухайлбал, өчнөөн тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Ногоон автобусны хэрэгт холбогдсон Ж.Сүхбаатар, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн хэрэгтээ нэг жилийн хорих ял сонссон Г.Эрдэнэбат нарыг "зүтгүүлж" байгаа нь ял шийтгэлгүй нэр цэвэр хуульч МАН,АН-д алга уу хэмээн амаа асуулгахад хүргэсэн юм.   

Ж.Сүхбаатар бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга буюу сайдын ажил хашиж байгаад "Ногоон автобусны" гэх тодотголтой хэргээр ажлаа өгч, шүүх цагдаагаар явах болсноос хойш сураг алдарсан.

-МУИС-ийн эрх зүйч мэргэжилтэй, "Улаанбаатар-Эрдэм" хувийн дээд сургуульд багшаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүний туслах болсноор улс төрд хөл тавьсан нэгэн.

 Г.Эрдэнэбатын хувьд Улсын ерөнхий прокурорын орлогч байсан төрийн хууль цаазын шадар зөвлөхийн хэргэм цолтой. 2026 оны хоёрдугаар сараас УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж буй. Үүнийг Н.Учралын татаас гэж харж болох ч АН, МАН-ын тохироо гэвэл үнэнд дөхнө.

Ямартай ч, зүтгүүлсээр уг томилгоог  ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэн 85.7 хувийн саналаар дэмжсэн ба УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэн эцэслэн томилно. МАН, АН тохироод Цэцийн гишүүнээр томилох хүмүүсээ оруулж ирж байгаа учраас томилох нь тодорхой юм. Сүхбаатарын хувьд энэ талаар Үндсэн хуулийн Цэц бол хуульч хүний ноён оргил болсон газар хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

ҮХЦ бүтэн болсон тул одоо дотроосоо даргаа томилох учиртай

Хуульд Цэцийн гишүүнийг зургаан жилээр томилж, дараагийн хүнийг томилсноор хугацаа дуусна гэж заасан ч бүрэн эрхийн зургаан жилийн хугацаа дуусаад бүтэн жилийн дараа Цэцийн гишүүдийн томилгоог УИХ хийн бүтэн болох ч одоо даргаа сонгох учиртай.

Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар:

  1. Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно.
  2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхын санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
  3. Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, гишүүдийн төлөөлөлтийн байдлыг тэнцүүлэн Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана гэж заасан.

Өнөөдрийн байдлаар Цэцийн бүрэлдэхүүнд Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Бямбадорж, Р.Батрагчаа нар бий. Үүн дээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нар нэмэгдэн есөн гишүүнтэй болж, Цэц бүтэн болох тул дундаасаа Цэцийн даргад нэр дэвшүүлж, санал хураалт явуулан даргаа сонгоно гэсэн үг.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх