Монголчууд утгаараа улныхан боллоо

Хуваалцах:
Монголчууд утгаараа улныхан боллоо

Сүүлийн өдрүүдэд нийслэлд өрнөж буй үйл явдлууд монголчууд утгаараа улныхан болсныг илтгэх боллоо.

XXI зуунд тэр тусмаа 58,1 сая малтай монголчууд хонон өнжин маханд дугаарлан чи би-дээ тулж, хэрүүл маргаантайгаар үмх мах олж авч чадсан нь аз, авч чадахгүй гомдолтой буцаж буй хүн олон байна. Эцэстээ олсон шийдэл нь картын барааны бичиг авч байж хэдэн кг мах худалдан авдаг боллоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэд 17.00 цаг хүртэл мах худалдаална гэсэн зарын дагуу үүрийн 03 цагаас дугаарлаж эхэлсэн ч 14.00 цагт бүх мах нь дуусчихдаг. 600-700 хүн дугаарласан байхад 200 орчим гулууз махыг худалдаалахаар авчирсан байх жишээтэй.

Нөөцийн махтай холбоотойгоор Хотын дарга асан Х.Нямбаатарыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгч л болж байна.

Бас нэгэн гайхшруулсан үйл явдал бол Нарны хорооллын айл өрхүүд халуун байтугай хоол ундаа хийх ч хүйтэн усгүйгээс усны цистерн ирж хэдэн цагаар дугаарлан усаа авч хэрэглээгээ хангаж байна. Зуны хэдэн сард зуслангийн айлууд усны машин ирсэн чимээнээр бидон саваа барьж гүйцгээдэг байлаа. Гэтэл өдгөө нийслэлд ийм дүр төрхийг бодитоор харж, бидон түмпэн сав барин дугаарласан хүмүүсийг харсан олон хүний бага насыг санагдуулж, социализмын үе рүүгээ буцсан мэт мэдрэмжийг төрүүлж  байна.

Цаашлаад малчны хүүхдийг найман настайд нь сургуульд оруулах, гэрээр хичээл заах асуудал яригдаж байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Ковидын сургамжийг мартаагүй. Малчны хүүхэд гэсэн маш том ялгаварлал үүсгэж байна” гэсэн бол Бүх нийт боловсролын төлөө эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Бага насны хүүхдийг зайнаас сургах ямар ч боломжгүй. Багш нар өвлийн хүйтэнд уул нуруу дамжин малчин айлаар явж хичээл заана гэдэг хэрэгжих боломжгүй. Багш нарын цалин хөлс, унааны мөнгө, аюулгүй байдлыг хэн хангах вэ. Багш дутагдалтай байхад хөдөө айлаар явах юм бол хэн хичээл заах вэ” гэлээ.

Үнэхээр бид ухарсаар ухарсаар уландаа оччихжээ.  

 

 

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх