Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр " Ойрхи Дорнодод АНУ-аас үзүүлж буй дайралттай холбоотойгоор газрын тосны үнэ огцом өссөн. Тухайлбал, долоодугаар сарын эхний долоо хоногт нэг тонн дизель түлшний үнэ 100 ам.доллароор өссөн. Урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны үнэ өдөр бүр хэлбэлзэж байна.
Монгол Улс шатахууныхаа хэрэгцээг 100 хувь импортоор хангадаг. ОХУ-ын хувьд нөхцөл байдал хүнд байна. Газрын тос боловсруулах үйлдвэрүүд дроны халдлагад өртөж, үйлдвэрлэлд нь хүндрэл үүссэнээр дизель түлшний үнэ өсөхөд нөлөөлсөн. Иймээс олон улсын зах зээлд нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна.
Бид нийт шатахуун түгээх станцуудынхаа нөөцийг бүрэн бүрдүүлэхээр нэгдүгээр сард 107 мянган тонн, хоёрдугаар сард 102, гуравдугаар сард 95, дөрөвдүгээр сард 86 мянган тонн гэх мэтээр бүх нөөцийн саваа дүүргэсэн. Тавдугаар сар гэхэд бүх сав дүүрэн байсан тул 708 вагон хойшоо явах боломжгүй байсан. Улмаар энэ нөөцөө орон нутгууд руу хүргэж, шатахууны хэрэгцээгээ хангаж байгаа.
Засгийн газрын тогтоолоор 18 аж ахуйн нэгжийн 22 шатахуун хадгалах сав барихаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд холбогдох санхүүжилтийг шийдвэрлэж, 50 мянган тонн багтаамжтай агуулах барих гэрээг байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоног, дизель түлшний 23 хоногийн нөөцтэй байна" гэв.





























































































