ОХУ-ын бүтээсэн хорт хавдрын эсрэг вакцин үр дүнтэй нь батлагджээ

Хуваалцах:
ОХУ-ын бүтээсэн хорт хавдрын эсрэг вакцин үр дүнтэй нь батлагджээ

Оросын меланома өвчний эсрэг хувь хүний ​​онцлогт тохирсон вакциныг хийлгэсэн анхны өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд уг өвчний эсрэг тэмцэхэд шаардлагатай дархлааны хариу урвал үүссэн талаар Гамалеягийн нэрэмжит хүрээлэнгийн шинжлэх ухааны захирал Александр Гинцбург мэдэгджээ. Өнгөрсөн онд Оросын Эрүүл мэндийн яам дотооддоо боловсруулсан, хувь хүний ​​онцлогт тохирсон хорт хавдрын эсрэг хоёр төрлийн эмчилгээг баталсан байна. Үүнд меланомагийн хожуу үеийн эмчилгээнд зориулсан mRNA (мРНХ) технологид суурилсан "Neooncovac" вакцин болон бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг пептидэн эм болох "Oncopept" багтжээ.

Neooncovac эмийг анхны өвчтөнд дөрөвдүгээр сард тарьж хэрэглэжээ. Уг эмийг хүлээн авсан хүн нь Герцений нэрэмжит Москвагийн хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд эмчлүүлж буй, меланома хавдрын гуравдугаар үе шаттай бөгөөд үсэрхийлэл үүссэн 60 настай эрэгтэй байжээ.

Гинзбургийн хэлснээр, тус өвчтөн "биеийн байдал хэвийн" байгаа бөгөөд эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа аж. Шинжилгээгээр дархлааны тогтолцоо хавдар болон түүний үсэрхийлэлтэй тэмцэхэд шаардлагатай идэвхтэй нэгдлүүдийг бие махбод ялгаруулж эхэлснээр "маш эерэг" дархлааны хариу урвал илэрсэн болохыг тэрбээр пүрэв гарагт "РИА Новости" агентлагт мэдээлжээ.

Өвчтөнд уг эмийн дахин хоёр тунг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд эмчилгээний явцад түүний дархлааны хариу урвалыг үргэлжлүүлэн хянаж байх болно гэж Гинзбург ярьжээ.

Тэрбээр мөн меланома өвчтэй өөр арван өвчтөнд зориулсан хувьчилсан вакцин бэлтгэгдэж байгаа бөгөөд 1.5-аас 3 сарын дотор бэлэн болох төлөвтэй байгааг мэдэгдэв.

Радиологийн үндэсний анагаах ухааны судалгааны төвийн тэргүүн Андрей Каприн уг вакциныг гарган авахад ашигласан технологийг хорт хавдрын эмчилгээний цоо шинэ, өвөрмөц арга барил хэмээн тодорхойлж байсан удаатай.  Өвчтөний хавдар болон эрүүл эдийн дээжийг ашиглан тэдгээрийн генетикийн онцлогийг шинжилж, дархлааны тогтолцоог хорт хавдрын эсийг таньж, устгахад сургах зориулалттай, тухайн хүнд тохирсон вакциныг бүтээдэг байна. Үүний зэрэгцээ Оросын эрүүл мэндийн байгууллагын албаныхан "Oncopept" эмчилгээг хийлгэж буй өвчтөнүүдэд дархлааны зохих хариу урвал үүсэж байгааг мэдээлжээ. Гамалеяагийн нэрэмжит хүрээлэн нь нойр булчирхай, бөөр болон жижиг эсийн бус төрлийн уушгины хорт хавдрыг эмчлэх арга боловсруулахаар мөн ажиллаж байна.

https://www.rt.com/news/643679-russian-cancer-vaccine-shows-positive-results/


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих