
Далайд гарцгүй Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдолыг шийдвэрлэхэд туслах зорилгоор ОХУ автобензин болон онгоцны түлшийг нэмэлтээр нийлүүлэхээр тохиролцсон тухай ТАСС мэдээлжээ. Монгол Улсын Аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням ОХУ энэ сарын эцэс гэхэд нэмэлтээр 25,000 тонн АИ-92 автобензин, 5,000 тонн онгоцны түлш нийлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр Оросын албаныхан болон "Роснефть", "Газпром" компанийн удирдлагуудтай хэлэлцээ хийснийхээ дараа X (хуучнаар Twitter) сүлжээнд "Энэхүү урьд өмнө тохиолдож байгаагүй хүнд үеийг даван туулахад тусалж буй Оросын Засгийн газар болон тус улсын аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье" гэжээ. Монгол Улсын автобензин болон дизель түлшний импортын 97 хүртэлх хувийг Орос улс дангаараа бүрдүүлдэг.
Украины талаас газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн цуврал дроны халдлагын улмаас дотооддоо түлшний хомсдолтой тулгарсан ОХУ-ын Монгол руу нийлүүлэх түлшний хэмжээ өнгөрсөн сард 173,000 тонн болж буурсан. (6-р сард 186,400 тонн байсан)
Харин Монгол Улсад үүссэн хомсдол нь зуны аялал жуулчлал болон хөдөө аж ахуйн ургац хураалтын ажилтай холбоотой бөгөөд Орос дахь нийлүүлэлтийн хязгаарлалт нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэж албаныхан үзэж байна. Тус улс мөн Хятад, Өмнөд Солонгос улсаас нэмэлт түлшний нөөц бүрдүүлээд байгаа юм.
ОХУ шатахууны экспортыг хориглох улс орон даяарх шийдвэрээ оны эцэс хүртэл сунгасан хэдий ч Монгол Улс Засгийн газар хоорондын худалдааны хүчин төгөлдөр гэрээний дагуу олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд шатахууны нийлүүлэлтээ үргэлжлүүлэн авсаар байна. Монгол Улс Оросоос хэт хамааралтай байдлаа бууруулах зорилгоор дотоодын анхны газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж байгаа бөгөөд уг үйлдвэрийг 2028 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу