
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа даваа гарагт өндөр ур чадвартай гадаад ажилтнуудад олгодог H-1B визний шинэ хураамжийг албан ёсоор баталгаажуулах журмын төслийг танилцуулжээ. Трамп уг хураамжийг өнгөрсөн жил тогтоосон боловч шүүхээс үүнийг зогсоогоод байсан юм. Трампын өнгөрсөн жил түр шийдвэрээр тогтоосон уг хураамж нь технологи, боловсрол, судалгааны салбарынхны өргөнөөр ашигладаг визний зардлыг эрс нэмэгдүүлж байгаа юм.
Холбооны шүүгч зургаадугаар сард уг хураамжийг хууль бус гэж үзэн, хориглосон шийдвэр гаргаж байв. Одоогоор Бостон дахь давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хянаж байгаа бол өөр нэг шүүх Вашингтон хотын шүүгч томоохон бизнесийн бүлгээс уг хураамжийг эсэргүүцэн гаргасан гомдлыг хэлэлцэж байна. Трампын 2025 онд гаргасан, уг хураамжийг тогтоосон зарлиг нь гарснаас хойш нэг жилийн дараа буюу есдүгээр сард хүчингүй болгосон ч тэрбээр АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яаманд (DHS) үүнийг байнгын журам болгохыг үүрэг болгосон байна.
Даваа гарагт "Federal Register" (Холбооны бүртгэл)-д байршуулж, мягмар гарагт албан ёсоор нийтлэгдэх DHS-ийн санал болгож буй 103,265 ам.долларын хураамжийн асуудлаар олон нийтийн санал авах 30 хоногийн хугацаа эхэлж байна. Уг журмыг он дуусахаас өмнө эцэслэн батлах боломжтой. H-1B хөтөлбөр нь АНУ-ын ажил олгогчдод тусгай чиглэлээр мэргэшсэн гадаад ажилтнуудыг ажилд авах боломжийг олгодог бөгөөд жил бүр 65,000 виз, түүнчлэн ахисан түвшний эрдмийн зэрэгтэй ажилтнуудад зориулсан нэмэлт 20,000 визийг (3-6 жилийн хугацаатайгаар) олгодог.
Трампын өнгөрсөн жил гаргасан зарлиг нь зарим төрлийн H-1B виз авахад гарах зардлыг эрс нэмэгдүүлсэн. Уг визний хураамж нь өмнө нь янз бүрийн хүчин зүйлээс хамааран ихэвчлэн 2,000-аас 5,000 ам.долларын хооронд хэлбэлздэг байв. Визний хөтөлбөрийн талаарх маргаан Бүгд найрамдах намын гишүүн Трамп болон H-1B хөтөлбөрийг шүүмжлэгчид уг хөтөлбөрийг олон компани Америк ажилтнуудыг хямд өртөгтэй гадаад ажиллах хүчээр солих замаар буруу ашигладаг гэж үздэг.
Харин бизнесийн бүлгүүд болон олон компани энэхүү визний хөтөлбөр нь зарим ажлын байранд шаардлага хангасан Америк ажилтнууд дутагдалтай байгаа асуудлыг шийдвэрлэх, мөн АНУ-ын бизнесүүдэд шилдэг авьяастнуудыг ажилд авах боломж олгоход зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдсээр ирсэн. Шүүхийн баримт бичгүүдээс үзвэл, хоёрдугаар сарын сүүлчийн байдлаар 70 орчим ажил олгогч нийт 85 визний өргөдөлд зориулан 100,000 долларын хураамжийг төлсөн байна.
Энэхүү хураамжийн эсрэг АНУ-ын бизнесийн салбарын хамгийн том лобби бүлэг болох Худалдааны танхим, Ардчилсан намын удирдлагатай мужууд болон үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын эвсэл зэрэг талууд хуулийн дагуу маргаан үүсгээд байна. Эдгээр шүүхийн нэхэмжлэлийг энэ долоо хоногт танилцуулсан шинэ журмыг эцэслэн баталсны дараа уг журмыг эсэргүүцэх чиглэлээр өөрчлөн найруулах боломжтой юм. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд Трампын нэвтрэх эрхийг хязгаарлах бүрэн эрх нь H-1B визний хөтөлбөрийг бий болгосон хуулийг зөрчих буюу хүчингүй болгох эрхийг түүнд олгохгүй гэж үзжээ. Трампын засаг захиргаа уг хураамжийг уламжлалт татвар биш гэж үзэж байгаа бөгөөд тус улсад нэвтрэх эрхийг хязгаарлах Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд шүүх хөндлөнгөөс оролцох эрх хязгаарлагдмал гэсэн байр суурьтай байна.
АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны мэдээллээр, Трампын цагаачлалын хяналтыг чангатгах бодлогын хүрээнд өнгөрсөн онд ажил олгогчид H-1B визний 344,000 орчим хүсэлт бүртгүүлсэн нь 2024 оныхоос 25 гаруй хувиар буурсан, мөн 2023 онд хүсэлт гаргасан 794,000 визний тооны тал хувиас ч бага үзүүлэлт болжээ. Түүнчлэн Трампын засаг захиргаа H-1B виз хүсэгчдийн шалгалтын үйл явцыг чангатгахыг үүрэг болгож, өндөр ур чадвартай, өндөр цалинтай ажилтнуудад давуу тал олгох виз сонгох шинэ журмыг санал болгосон байна. Наймдугаар сарын эхээр Дотоодын аюулгүй байдлын яам тусдаа журмаар H-1B визтэй ажилтнуудын оршин суух хугацааг сунгах эсвэл гадаадад ажиллаж буй ажилтнуудыг АНУ руу шилжүүлэх хүсэлтэд 4,500 хүртэлх ам.долларын хураамж нэмж тогтоосон байна.
https://www.koreatimes.co.kr/world/20260825/us-proposes-upping-h-1b-visa-fee-to-more-than-100000





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу