
"Instagram" болон "Facebook"-ийн толгой компани "Meta"-д өсвөр үеийнхний цахим орчин дахь зохисгүй хэрэглээтэй улбаатай АНУ-ын 48 мужуудаас гаргасан нэхэмжлэлийг Холбооны анхан шатны шүүх эцэслэн шийдэж, 17.1 тэрбум ам.долларын торгууль оноожээ. Миннесота мужийн Ерөнхий прокурорын алба болон бусад мужуудын эх сурвалжаас авч үзэхэд Миннесота муж хамгийн багадаа 214 сая ам.доллар, Айова муж 126 сая ам.долларын олговор авахаар шийдвэрлэгдсэн байна.
Эдгээр мужуудын шүүхэд хандсан нийтлэг үндэслэлээс эш татвал "Facebook" болон "Instagram" платформыг хүүхэд, өсвөр үеийнхнийг удаан хугацаагаар донтуулах зорилготойгоор зохион бүтээгдсэн хэмээн буруутгасан юм. Мөн тус компани нь "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай мужуудын тогтоосон хуулиуд болон цаашлаад 1998 онд батлагдсан Хүүхдийн цахим орчин дахь нууцлалыг хамгаалах тухай хуулийг (COPPA) зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд өгчээ.
Шүүхийн тогтоолын хүрээнд тус компани өсвөр насны хэрэглэгчдэд зориулсан хамгаалалтыг чангатгаж, өдөр тутмын хэрэглээнд цагийн хязгаарлалт тогтоох зэрэг өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгааг мэдэгдлээ. Тодруулбал 18-аас доош насны хэрэглэгчдэд өдөрт хоёр цагийн хэрэглээний хязгаар тогтоох, шөнийн 00:00–06:00 цагийн хооронд аппликейшнд нэвтрэх боломжийг хязгаарлах, хичээлийн цагаар платформуудаас ирэх мэдэгдлийг багасгах зэрэг шинэ журам хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
Энэхүү хэлэлцээр нь зөвхөн "Meta"-д төдийгүй "TikTok", "YouTube" зэрэг бусад томоохон сошиал платформуудын өсвөр үеийнхэнд чиглэсэн бодлого, бүтээгдэхүүний хэв шинж, аюулгүй байдлын журмуудад томоохон нөлөө үзүүлэх чухал жишиг болж магадгүй байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу