Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхийн зэрэгцээ ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс 2001 онд байгуулсан бөгөөд 27 улсыг хамарч байна.
Анх хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой байсан бол өдгөө
гишүүн улсын хоорондын итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
Бүс нутагт энхтайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх,
Терроризм, салан тусгаарлах, хэт туйлшрах болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх,
Улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчин, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл, санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг байгууллага болон өргөжөөд байна.
ШХАБ-д Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүнээр элссэн бөгөөд Монгол Улс болон Афганистан ажиглагч орон юм.
Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс яриа хэлэлцээний түнш орон болжээ.
Төрийн тэргүүн нарын, Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл болон Үндэсний зохицуулагчдын зөвлөл жил бүр хуралддаг.
Өнгөрсөн онд болсон Тяньжиний дээд хэмжээний уулзалтаар “ШХАБ-ыг 2026–2035 нд хөгжүүлэх стратеги”-ийг баталж, дараагийн 10 жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтоо тодорхойлсон юм