
Өмнөд Солонгос иргэн бүрдээ хиймэл оюун ухаанд үнэ төлбөргүй нэвтрэх боломжийг олгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгох Засгийн газрын анхны оролдлого аж. Хиймэл оюуныг Засгийн газрын системд холбож, эмчид үзүүлэх цаг захиалах, орон сууц олоход тусламж авах эсвэл татварын зөвлөгөө авах зэрэг хэрэглээний боломжит тохиолдлуудын шийдлийг хиймэл оюуны тусламжтайгаар иргэдэд өгөх аж.
Жижиг бизнесүүд татвараа тооцоолж, улсын дэмжлэгийн хөтөлбөрт хамрагдах боломжтой эсэхийг шалгах боломжтой бөгөөд эцэг эхчүүдэд хүүхдүүддээ зориулсан сургалтын материалыг илгээх юм байна. Ингэхдээ тусгай аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлэх юм байна. Өмнөд Солонгосын иргэдийн гуравны хоёр орчим нь хиймэл оюун ухааныг (AI) туршиж үзсэн бөгөөд 23 сая орчим хүн үүсгэгч хиймэл оюун ухааны (generative AI) хэрэгслүүдийг тогтмол ашигладаг ч ихэнх нь гадаадын үйлчилгээнүүдийн үнэгүй хувилбарыг ашигладаг гэсэн судалгаа байна.
Яамны тендерийн баримт бичигт дурдсан тоо баримтаас үзвэл, дөрөвдүгээр сарын байдлаар ChatGPT-ийн Солонгос хэрэглэгчдийн тоо 23.45 саяд хүрсэн бол Gemini-гийнх 8.45 сая, Claude-ийнх 2.41 сая байжээ. Тус улсад төлбөртэй үйлчилгээ ашигладаг хүмүүсийн тоо ердөө 1.8 сая орчим байна. Ерөнхийлөгч Ли Жэ Мёнгийн засаг захиргаа 2026 онд хиймэл оюун ухааны зардалд ойролцоогоор 7.2 тэрбум доллар (10 их наяд вон) зарцуулахаар төлөвлөсөн нь өмнөх жилийнхээс гурав дахин их юм.
https://www.yahoo.com/news/world/articles/south-korea-every-citizen-free-140339404.html





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу