
Ардын намын бүлгийн дарга Жигжидийн Батжаргал сорилттой тулгарч байна. Тэрбээр Хууль зүйн сайдад нэр дэвшигч Ганзоригийн Тэмүүлэнг “Манай намын бэлтгэгдсэн боловсон хүчин” хэмээсэн байна билээ.
Үнэндээ, Монголын нийтлэг эрх ашиг, зарчмын үүднээс мань Ж.Батжаргал тэгж хэлэх нь зохисгүй л байгаа юм. Эцгийн хэрэг хүүд падгүй гэж болох ч “Стандарт” банкинд Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан хэрэг заргын үүднээс Монгол улс 40 сая ам.долларын торгууль төлсөн нь Ч.Ганзориг, Ш.Батхүү нарын балгаас бүрэн хамааралтай. Чухам энэ өнцгөөс үзвэл, Г.Тэмүүлэнг бэлтгэсэн боловсон хүчин гэж Ж.Батжаргалын хэлэх нь гүн учир дутагдалтай. Бүлгийн дарга Ж.Батжаргал одоо “Би бүрэн бэлтгэгдсэн Бүлгийн дарга мөн үү” гэж асуух хэрэгтэй, өөрөөсөө. Монголын парламент ирцээ бүрдүүлж чадахгүй хэд хонолоо. Энэ бол УИХ дахь олонхийн бүлгийн ахлагч Ж.Батжаргалын ур чадвар, бэлтгэгдсэн байдлаас хамаарч байгаа нь ямар ч эргэлзээгүй юм.
АН-ын хувьд, МАН-68 гишүүн, бусад Засагт хавсрагч хүчнүүдтэйгээ хамтраад ажлаа явуултугай гэсэн хүнийрхүү, айл маань яаж хөглөх нь үү, харъя гэсэн байдалтай л тохуутай аяглаж байгаа. АН-д бас тэгэх эрх бий. АН-тай, АН-гүй бид чадна гэдэг байдалтай арван жил явж ирэв, АН өөрөө эрхээ авч чадахгүй байгаа болохоор "Бид та нарыг лаахайдлан дээрэлхэхэд яахав дээ" гэх байдалтай эрх баригч МАН энэ хүрэв.
Ардын намын генсек Я.Содбаатарын “Засгийн эрх ашгийн эсрэг ямарваа үйлдэл үзүүлэгч хэнбугайг ч болов намаас хөөнө” хэмээх үгийг нарийн анзаарвал, засаглалын ямар ч хяналтгүй, хөндлөнгийн ямар ч оролцоогүй дан ганц МАН гэдэг л айл эрхлэн засаглаж байгаа гэдгийг тунхагласан утга илэрхийлнэ. Үнэндээ одоо МАН хэн нэгнээ намаас хөөнө гэдэг нь их үнэ цэн
эгүйдсэн. Гурав хөөгдсөн Н.Номтойбаяр өнөөдөр парламентын өөр эвсэлд харьяалагдчихсан, бас дамаан мөнөөх Я.Содбаатарын хэлээд байгаа Засгийн эсрэг маягийн эгнээнийхэнтэй хамт ирц бүрдүүлэлцэхгүй алхаж явах шиг байна. Хэрэв Н.Номтойбаяр МАН-даа орчихсон аваас дөрөвдэхээ хөөгдөх нь л дээ.
Парламентын дарга С.Бямбацогт гишүүдийг ирцээ бүрдүүлэхийг шаардаж, их ажил хүлээж байгааг сануулан сууна. С.Бямбацогт дарга юуны өмнө парламентын доторх өөрийн намын цөөнхтэйгээ эвлэх ухаан гаргах нь зөвдөнө. Өөрийн намын доторх цөөнхтэйгөө эвлэж эс чадваас өрөөлийн намынхантай эвлэх холын асуудал байх.
Спикер хүний тэргүүн зорилт бол парламентын дотоод эв нэгдлийг хангаж, ямар ч үед хурлаа явуулах ирцийг бүрдүүлсэн байх ёстой чадварыг эзэмшихэд юм. Чухам эндээс Их хурал даргалагчийн эрдэм чадал, ур ухаан хараггдах юм. УИХ-д тавантаа сонгогдсон С.Бямбацогтын 18 жил парламентч явсны үр дүн, билиг чадвар өнөөдөр танхимынхаа ирцээ бүрдүүлж, хурлаа явуулах тэнхээ байгаа эсэхээр харагдах өдөр. Спикер бол парламент дахь намын бүлгүүд, бүлэг эс боловч төлөөлөл, хэсгийг өөртөө дуудан, зөвшил явуулах, зөвшлөө үр дүнд хүргэж болох өндөр дээд эрэмбийн эрх мэдэл. Энэ эрх мэдлээ хэрэгжүүлж чадаж байгаа эсэхээс л спикерийн хүлээн зөвшөөрөгдөж байгаа эсэх шууд илэрхийлэгдэнэ. С.Бямбацогтын спикерээ хүлээн зөвшөөрүүлэх өдрүүд үргэлжилж байна.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу