
Шатахууны шуурхай штаб Ерөнхий сайдын өрөөнд өнөөдөр шуурхай хуралдсан. Энэ үеэр өчигдрийн автомашинтай жагсаалаар иргэдийн тавьсан шаардлага болоод шатахууны хангамж, хангалтын талаар хэлэлцсэн байна.
Мөн өчигдөр өдрөөс эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн Шатахуун түгээх станцууд дуу дуугаа авалцан шатахуун өгч эхэлсэн. Дараалал ч бага байсан талаар иргэд ярьж байна. 4-5 цаг дугаарладаг байдал дуусгавар болж байна уу гэх горьдлого иргэдэд төрж, энэ асуудлаар салбарынх нь сайд Г.Дамдинням өнөөдөр мэдээлэл өгөх зууртаа "Намайг огцруулаад шатахуунтай болдог, хомсдол үүсэхгүй хэвийн болно гэвэл би албан тушаалаа өгөхөд бэлэн" хэмээн тунирхав.

Цаашлаад "Шатахууны шок ойрын хэд хоногоос намжина. Гэхдээ аравдугаар сард яахыг би таашгүй... хэмээв. Тэгэхээр өнөө маргаашаа ямартай ч аргацааж байя. Цаашаа харин би мэдэхгүй шүү" гэх мессеж ямар санаа агуулна вэ. Засгийн газар огцорно. Би сайд байхаа болино гэдгийг битүү далд утгаар хэлээд байна уу эс бөгөөс "Миний хувьд олон улсаас шатахуун царайчилж бишгүй л явлаа. Тийм тулдаа өнөөдөр дараалал ихтэй ч шатахуунтайгаа байна. Цаашдаа чадахгүй" гэх аанай л гомдлын үгийг танхимын тэргүүндээ чулуудаж байна уу. Үүнийг ойрын хугацааны улс төрийн үйл явц хэлээд өгөх биз ээ.




