Эрчим хүчний сайд асан, “ДЦС-IV” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Тавинбэх, Р.Дагдан, А.Энхбат, Бат-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 14-нд эхэлсэн ч аравдугаар сарын 2-ныг хүртэл хойшлуулсан бөгөөд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 16-ны 11.00 цагт товлолоо.
Дээрх нэр бүхий хүмүүсийг Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын арван аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээтэй холбоотой асуудлаар шалгаж эхэлсэн. АТГ-ын мэдээлснээр, уг төслийн зөвлөх үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, ажлын гүйцэтгэл хангалтгүй байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх гэрээний хугацааг сунгаж, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Улмаар нэмэгдүүлсэн санхүүжилтээс 2.1 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар долоон тэрбум гаруй төгрөгийг Монголын аж ахуйн нэгжид олгосон бөгөөд уг компани нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байх үед түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болохыг АТГ мэдээлж байв.
Уг хэрэгт холбогдуулан 2026 оны нэгдүгээр сард Н.Тавинбэх, П.Товуудорж болон П.Даваадорж нарыг саатуулж, 21 газарт нэгжлэг хийсэн. Нэгжлэгийн үеэр Н.Тавинбэх болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэлүүдийг хураан авсан байдаг.























































































