
Дүүргийн эрүү, иргэний хэргийн Хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарт энэ оны есдүгээр сарын 25-наас эхлэн хилийн хориг тавьсан. Түүний өмгөөлөгчид хилийн хоригийг нь цуцлуулах саналыг Ерөнхий шүүгч Б.Халиунд өчигдөр гаргасан боловч хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр прокурорын байгууллагаас Б.Баатарыг цагдан хорих асуудлыг тус шүүхэд танилцуулахаар болж, шүүх хурал 13:30 цагт эхлэх товтой ч Б.Баатар биечлэн оролцох хүсэлт гаргаснаар 14. 00 цагт эхэлсэн юм.
Нийслэлийн прокурорын газраас "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй. Б.Баатар шүүх хуралдаанд шүүгч Э.Энхтүвшингээс татгалзах хүсэлт гаргасан ч Ерөнхий шүүгч хүлээн авсангүй. Ийнхүү түүнийг цагдан хорих эсэхийг Э.Энхтүвшин шүүгч шийдвэрлэхээр болж, шүүх хурал үргэлжилж байна.




