
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
Хуулийн байгууллагуудын чиг үүрэг, Үндсэн хуулийн дагуу яаж байгуулах ёстой гэдгээ тооцохгүйгээр машин угсраад байвал хоёрдахь Д.Дорлигжавыг л бий болгоно

-Хөрөнгөжсөн хурандаа, хар тамхины наймааны толгойлогч нь цагдаагийн удирдлагууд гэх ноцтой баримт дэлгэгдэх боллоо. Энэ салбар ингэтлээ доройтчихсон юмуу. Та толгойлж байсны хувьд юу хэлэх вэ?
-Угаасаа л ийм байсан шүү дээ. Арван хоёр жилийн өмнөх л дүр төрх. Тэр үед гажуудчихсан энэ үзэгдлийг засахын тулд хүнтэй ноцолдохоос илүү цагдаагийн үзэл баримтлал, чиг хандлагыг өөрчилж, хуулийг нь шинэчилж, албаны хууль болон хууль сахиулах ажиллагааны хуулийг шинэ стандартаар боловсруулаад, Тахрын алба байгуулж, Мөрдөх албыг тусад нь зохион байгуулах хууль өргөн бариад, цагдаад төвлөрсөн эрх мэдлийг задлах, иргэнжүүлж, процессжуулах ажлыг хийсэн.
Хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах гэх зэрэг зохион байгуулалттай, эдийн засгийн хөшүүрэгтэй, сүүдрийн бизнесийн тогтолцоо маягтай бэхжиж, улс дамнасан хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэгтэй улс орнууд уламжлалт цагдаа аргаар тэмцэхгүй байна. Цагдаа бол гудамжинд үйлддэг хулгай дээрэм зэрэг ахуйн шинжтэй, нийтлэг гэмт хэрэгтэй тэмцдэг уламжлалт байгууллага. Гэтэл цагаан захтнууд оролцдог, хууль хүчний байгууллагуудын алба хаагчид нь холбогдчихдог, зөвхөн Монгол Улсын нутагт дэвсгэрт үйлддэггүй, хил дамнан хийдэг, үйлдвэрлэгч, тээвэрлэгч, борлуулагч төдийгүй санхүү, зохион байгуулалтын тогтвортой үр шим хүртэгчтэй энэ төрлийн гэмт хэрэгтэй орчин цагт улс орнууд Мөрдөх алба байгуулан тэмцэж байна. Мөрдөх албыг цагдаагаас салгаж, тусад нь байгуулах ёстой. Өндөр хүчин чадалтай лабораторитой, мэрэгжилтнүүдтэй байх ёстой. Улс дамжин үйлдэгддэг учраас гол эх үүсвэр, хамааралтай улс орнуудад Монгол Улс хууль зүйн атташе томилж ажиллуулах ёстой.

-Хуулийнхныг мөрддөг шалгадаг бүтэц муу, прокурорын мөрдөн байхгүй учраас тэд гэмт хэрэгт холбогдож байна гэж дүгнэж болох уу?
-Уламжлалт, зөвлөлт маягийн тусгай субьектын гэмт хэргийг мөрдөн шалгадаг Мөрдөн байцаах алба, тухайлбал, Прокурорын мөрдөн хэлбэрийн механизм Үндсэн хуулийн зөрчилтэй, тусгай мөрдөн шалгах комисс шиг зүйл болчихоод байдаг. Үндсэн хуульд гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдлийн бүрэн эрх гэж бий. Гүйцэтгэх эрх мэдлээс гадуур гэмт хэрэгтэй тэмцэх буюу мөрдөн шалгах чиг үүргийг бий болговол дахиад л өнөөх хонгил, нөгөө мангас гэх үе үеийн Ерөнхийлөгчдийн нэртэй холбогддог үзэгдэл хөвөрч эхэлдэг. Энэ зовлонгоосоо салъя гээд байгаа мөртлөө энэ зовлонгоо дахиад угсрах бол ухаалаг зүйл ерөөсөө биш.
Хуулийн байгууллагуудын чиг үүрэг юунд зориулсан бэ, Үндсэн хуулийн дагуу яаж байгуулах ёстой вэ гэдгээ тооцож, мэдэхгүйгээр машин угсраад байвал хоёрдахь Дорлигжавыг л бий болгоно. Прокурор өөрөө социализмын үеийн бүтцээс ангижраагүй хамгийн болхи хоцрогдсон бүтэц. Хуулийн салбарт шинэчлэлийн салхи ороогүй байгууллага бол бараг ганцаараа прокурор болчихоод байна. Бусад нь их, бага уу гэхээс өөрчлөгдөх гэж үзээд л байна. Огт өөрчлөгдөөгүй ийм байгууллага дээр мөрдөн шалгах чиг үүргийг хавсаргаж бий болговол социализмын үеийн ерөнхий хяналттай прокурор, вишинскийн арга барилтай мөрдөн байцаах ажиллагаа Монгол Улсаас салахгүй.
Бидний асуудлын гол юу вэ гэхээр Гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага нь өөрөө гэмт хэрэг үйлдээд байвал яах вэ. Мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллага нь мөрдөн шалгах ажиллагааныхаа эсрэг гэмт хэрэг хийгээд байвал яах вэ, зохион байгуулалттай гэмт хэргийн нэг хэсэгт нь хуулийн байгууллага өөрөө оролцоод байвал яах вэ гэдгийг шийдэх. Яаж шийдэх вэ гэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрддөг тусдаа албыг байгуулах ёстой. Гэхдээ гүйцэтгэх эрх мэдлээс буюу Үндсэн хуулиар хуваарилсан хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл гэж байгаа, тэр хуваарилсан эрх мэдлийн гүйцэтгэх эрх мэдлээс гадуур байгуулж ерөөсөө болохгүй. Гадуур байгуулбал шүүхийн хяналтад орохгүй, парламентын хяналтад орохгүй, Засгийн газрын дотоод хяналтад орохгүй. Энэ гурван хяналтад орохгүй байгууллага байгуулбал юу болдгийн горыг бид хангалттай амсаж байгаа.
-Юу болдог гэж?
-Өнөөдөр болж байгаа хуулийнхны энэ гажуудсан бүх үйл явдал шүү дээ. Гэмт хэрэгтэй тэмцдэг хууль сахиулах байгууллага хуулиа сахихгүй өөрсдөө гэмт хэрэг үйлдэнэ, цэрэг армийн халхавчинд үйл ажиллагаагаа нуух гэж оролдоно. Энэ нь Засгийн газар дотоод хяналт байхгүй байна, парламентын хяналтын хүрээнд орж ирэхгүй байна, шүүхийн хяналтаас гадуур байна гэсэн үг. Сая Дээд шүүхийн 100 жилийн ойд нэг чухал сэдэв яригдсан нь мөрдөн шалгах үйл ажиллагаан дахь шүүхийн хяналтыг яаж илүү оновчтой, тодорхой, үр дүнтэй болгох вэ гэдэг асуудлыг ярьж байна билээ. Одоо бид прокурорт байгаа зарим чиг үүрэг, эрх мэдлийг шүүх рүү шилжүүлэх цаг болсон.
-Тухайлбал, ямар чиг үүргийг?
-Гүйцэтгэх ажил буюу нууц мөрдөн шалгах ажиллагаан дээр хууль дээдлэх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлье гэвэл шүүхэд аваачихаас өөр аргагүй. Прокурор нэг талаас яллах чиг үүрэгтэй. Нөгөө талаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэт өргөжүүлснээс болоод мөрдөн шалгах ажиллагаанд яваа хүний эрх, иргэний эрхийн асуудлыг орхигдуулдаг, хуулийг нэг мөр ойлгох, хэрэгжүүлэхтэй холбоотой зарчмын агуулгыг гажуудуулдаг, шүүхийн процесст байх учиртай эрх мэдлийг прокурор өөр дээрээ авч захиргааны байгууллага шиг шатлан ажилладгаас болж шүүхийн өмнө нэг нь хэт ноёрхсон буюу давамгайлсан оролцоо эрх мэдэлтэй болоод хувирчихсан. Прокурор өөрөө шүүх рүү гэмт хэргийг яллаж аваачих болохоор хуулиас гадуур мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа мөрдөгчид нь зөрчилтэй ажиллаж, гэмт хэрэг үйлдвэл нүдээ аниад, толгойг нь илээд өнгөрүүлээд байгаа юм. Үүнийг яаж таслан зогсоох вэ гэхээр шүүхийн хяналт руу оруулж байж таслан зогсооно. Өөрөө шүүх рүү гэмт хэрэг авч яваа хүмүүс давхар мөрдөн шалгах эрхтэй болчихвол бүр эсрэгээрээ процесст ноёрхох байдал нь бүр галзуурна.
-Дорлигжав гэснээс яагаад түүнийг шалгадаггүй юм бэ. Ноцтой баримтууд дэлгэгдэж л байдаг. Та үүнд ямар байр суурьтай байдаг вэ?
-Ажлаа хийхгүй байгаа бүтцийг тогтолцооны талаас нь бодохоос биш хувь хүнд наалдуулж бодоод яах вэ. Мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд өөрийнхөө эрх мэдлийг бүрэн олж авах, прокурор нь яллаж, төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох гэж байгаа бол шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмаа баримталж нөгөө талтайгаа ижил хэмжээнд байх, шүүх хуулийн нэг мөр хэрэглэх шүүн таслах ажиллагааг процессын шударга ёсны дагуу явуулах зорилгынхоо хүрээнд, мөрдөн шалгах үйл ажиллагаанд шүүхийн (процессын) хяналтыг хэрхэн оновчтой тавих гэх зэрэг тогтолцооны хувьд шийдэх асуудлаа ярихгүй бол юу ч зөв чиглэлд өөрчлөгдөхгүй.

-Та сайдаар ажиллах хугацаандаа Тахарын алба байгуулсан. Богино хугацаанд ажилласан ч гэлээ энэ алба үүргээ гүйцэтгэсэн үү?
-Тахарын алба хоёр жил хэртэй ажилласан. Хоёр жил гэхэд үр дүн гарсан. Тухайлбал, гэрч нар айх айдасгүй шүүх хуралдаанд ордог болсон. Шүүхийн аюулгүй байдлыг хангасан учраас шүүх хэвийн үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдсэн. Тахарын албыг татан буулгасны дараа шүүгчдын хамгийн их хэлсэн үг нь Тахар шүүхийн аюулгүй байдлыг хангадаг байхад шүүх аюулгүй байсан. Шүүх эрэн хайж байгаа шүүхийн нэхэмжлэх авахгүй зугтаж байгаа хүний тоо маш бага байсан гээд үр дүн гарсан.
-Эрх мэдлээрээ бусдын бизнесийг тонон дээрэмддэг, хонгил угсардаг явдал үргэлжилсээр л байгааг хэрхэн таслан зогсоох вэ?
-Эрх мэдэл овоолох тухай биш оновчтойгоор задалж харилцан хяналттай болгож байж хүний эрхийг хамгаална. Шударга ёс бэхжинэ. Эрх мэдэл овоолох тусам иргэний эрх байхгүй болно.
Аль эрх мэдлийг хаана, хэнд овоолох вэ гэдэг уралдаан зарлачихсан юм шиг хандлагаа өөрчлөх. Энэ уралдаан 30 жилд биднийг юу болгосныг хар даа. Даргын улс болгосон шүү дээ. Хуулиас гадуур хэн нэгэн эрх мэдэлтэн дарга хүч чадал олж, дуу хоолой нь хуулийг орлож байдаг. Яг бодит байдалд шударга ёс огт тогтдоггүй, тодорхой нэг бүлэглэл тодорхой нэг улс төрийн хүчин, тодорхой нэг эрх мэдэлтэн илүү нөлөөтэй хүчтэй болчихоод энэ тогтолцооны толгой дээр гараад суучихдаг, эргээд өрсөлдөгчөө, таагүй дургүй нэгнээ, өөрийг нь шүүмжилсэн дуу хоолойг цээрлүүлэх, өш авах хэрэгсэл болгон ашигладаг.
Үүнийгээ эргэж харах ёстой. Ардчилсан улс оронд нэг л асуудал байгаа. Ардчилалд халгаагүй, хууль ёсны буюу иргэний эрх, эрх чөлөөг эвдэхгүй тийм арга замыг сонгох юмуу эсвэл соц үеийнх шиг зорилго зөв бол арга нь ямар ч байсан яадаг юм гэдэг хүч түрсэн арга замаас холуур байх учиртай.
Хууль зүй болон Дотоод хэргийн яамыг салгахгүй бол Дотоод хэргийн агентлагууд нь Хууль зүйн сайдаасаа толгой дээгүүр болчихсон
Бидний хамгийн чухал шийдэх ёстой нь зүйлийн нэг бол Хууль зүй, Дотоод хэргийн яамдыг салгах ёстой. Хууль зүй, Дотоод хэргийн яамдыг салгах ёстой. Дотоод хэргийн яам, Хууль зүйн яам тусдаа. Цагдаагийн байгууллага Дотоод хэргийн яамдаа, харин Мөрдөх алба Хууль зүйн яамдаа харъяалагддаг. Нэг сайдад хэт их эрх мэдэл төвлөрч овоорсон биш. Засгийн газрын дотоод хяналтын бүтэц ажиллах боломжтой байх учиртай юм. Хууль зүйн яам яагаад байдаг юм гэхээр дотоод хэргийн яамыг хянахын тулд гэж үг бий. Гэтэл хянах ёстой яам нь хянагдах ёстой яамтайгаа нэг яам болоод нэг сайдаар толгойлуулахаар бүх юм холион бантан болоод хувирчихаж байгаа юм. Суурь зарчим нь эрх мэдлийг задал, харилцан хяналтад оруулж процессжуул. Хэн нэгэн албан тушаалтанд эрх мэдэл өгөөд мартаж орхих биш. Процессжуулна гэдэг хэн, хэзээ, хаана, ямар нөхцөлд, ямар дэс дараагаар, ямар хэмжээнд эрх мэдлийг яаж хэрэгжүүлэх тухай тодорхой нарийн заана гэсэн үг.
-ШШГЕГ-ын генерал албатуудтайгаа ирийтэл суучихаад салбарынхаа сайдын эсрэг мэдээлэл хийж байгаа нь таны хэлдгээр, холион бантан болсны илрэл үү?
-Засгийн газар дотоод хяналтгүй болсон. Шалтгаан нь ХЗДХЯ гэсэн нэг яам үүсгэчихээд дотор байгаа агентлагуудаа хянаж чадахаа байчихаад Хууль зүйн яамны чиг үүрэг алга болоод Дотоод хэргийн яам дангаараа үлдээд, салбарын агентлагууд нь даам болж хувирсныг эндээс тодорхой харж болно. Арван хэдэн жилийн өмнө ийм л байсан засахгүй урсгалаараа явсан учраас одоо ингээд галзуураад сууж байгаа нь тэр. Дотоод хэргийн агентлагууд нь Хууль зүйн сайдаасаа толгой дээгүүр болсон нь энэ. Сүүлдээ цэргийн цол хэрэглээд энэ өөрөө дотоод хэргийн биш батлан хамгаалахын чиг үүрэгтэй агентлагууд болоод хувирчихсаны шинж. Бүр ШШГЕГ байгууллага дотор хүртэл чиг үүргээ салгах ёстой. Ял эдлүүлдэг чиг үүргээ, иргэний захиргааны шийдвэр гүйцэтгэдэг чиг үүргээс салгах ёстой. Дэлхийд ийм холилдсон чиг үүрэгтэй нэг байгууллага байхгүй. Яагаад холилдож болохгүй вэ гэдэг нь Монголд харагдаад байна. Холион бантан зуурахаа болиод чиг үүргээ оновчил, эрх мэдлээ задал, харилцан хяналтад оруул дээр нь процессжүүл. Би ийм л зүйлийг дахин дахин хэлээд байгаа юм.
Ардын намын хэнээс нь ч гэрэл гэгээтэй зүйл хараад, хүлээгээд байх шаардлагагүй. Өнгөрсөн 12 жил хангалттай нотоллоо шүү дээ.
-Та хуулийн салбарт хийх шинэчлэл, өөрчлөлт болоод хийхээр зорьсон, төлөвлөсөн ажлуудынхаа талаар үе үеийн Хууль зүйн сайд нартай хуваалцаж, үзэл бодлыг нь сонсож байв уу?
-МАН угаасаа даргад зориулсан бүтэцтэй. Намын дарга нь эрх мэдэлтэй байвал мафийн пирамидаа угсраад тэр дотроо сүлжээний залилан гэдэг шиг улс төрийн залилангийн сүлжээ бий болгоод явж байдаг бүтэц. Энэ намын хэнээс нь ч гэрэл гэгээтэй зүйл хараад, хүлээгээд байх шаардлагагүй. Өнгөрсөн 12 жил хангалттай нотолж байна даа.
Ардын нам 12 жил засаглаж байна. Засаг нь солигдож нүүрээ л угааж байгаа болохоос арга барил огт өөрчлөгдөхгүй байна. Засаг биш Ерөнхий сайд нь л огцорч байна. Сайд нар өөрчлөгдсөн юм уу. Нөгөө л байдаг хэдэн сайд нар нь байгаа биз дээ. Ардын нам арга барилаа, бодлогоо огт өөрчлөхгүй байна. 12 жил дангаараа засаглалаа. Тэдэнд юу ч огт наалдахгүй. Засгийн газар эрх баригчид АН руу хуруугаараа заагаад өөрсдийгөө асуудлаас холдуулж, цэвэршүүлэх гэдэг арга ядсан аргаа дахин дахин хэрэглэсээр л байгаа. Иргэд тэнэг биш.

-Төрийн ордонг тойроод автомашинтай иргэд бухимдан жагсаж, гороолж байна. Гэтэл гишүүд нь Төрийн ордондоо бүгээд, энэ бүхнээс зайлсхийхийг оролдож байна. Таны хувьд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Иргэд жагсаж, үгээ хэлэх эрхтэй. Үе үеийн Засгийн газар иргэдээ буруутгаж захиалгатай, мөнгөний гэж зарлаж, олон нийтийн таашаахгүй ямар нэг зүйлтэй холбох гэж оролддог. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Н.Учрал алиных нь ч үед ийм л байдлаар иргэдээ буруутгаж байна. Үе үеийн Засгийн газар дандаа иргэндээ буруу өгч, өөрсдийнхөө ажлыг хийдэггүй. Шатахуун хомсдсон нь иргэдийн буруу юм уу, цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа нь иргэдийн буруу юм уу. Эсвэл Засгийн газар урьдчилж эрт төлөвлөдөггүй, хариуцлагатайгаар ажлаа хийдэггүй, асуудал үүсэхээр гал унтраах аятай аргацаагаад, худал попорч байгаатай холбоотой юм уу. Иргэн талбай дээр шатаж үхсэн ч иргэний буруу болж байдаг. Үгээ хэлээд жагссан ч иргэний буруу болж байдаг. Сүүлдээ бизнес хийх, амьдралаа босгох гэж зүтгэх нь иргэний буруу болох маягтай. Ер нь Засгийн газар буруугаа бусад руу нялзаадаг хоёр зүйлтэй болчихлоо. Нэг бол иргэнээ, үгүй бол УИХ-аа буруутгана. Өөрсдөд бол буруу юу ч байхгүй.
Мөрдөстэй, цэнхэр захтнууд гэмт хэргийн зохион байгуулалтад орж, хар тамхины наймаачид болоод байна уу гэдгийг Тусгай хяналтын дэд хороо шалгана
-Монгол Улсын их хурлын Тусгай хяналтын дэд хороог саяхан байгуулж, та бүрэлдэхүүнд нь орсон. Чиг үүрэг нь юу байх вэ?
-Ерөнхий тойм хэлбэрээр хэлбэл, Засгийн газрын Дотоод хяналт гэдэг нь Хууль зүйн яам, Дотоод хэргийн яамаа хянах тухай, гадаад хяналт гэдэгт шүүхийн болон парламентын хяналт гүйцэтгэх эрх мэдлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд орж ирэх тухай яриа юм. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаан дахь Парламентын хяналтын хамгийн гол механизм бол энэ тусгай хяналтын дэд хороо. Ингэж байж нөгөө мөрдөстэй, цэнхэр захтнууд үнэхээр гэмт хэргийн зохион байгуулалтад орж, хар тамхины наймаачид болоод байна уу гэдгийг шалгана. мөрдөстэй, цэнхэр захтнууд үнэхээр гэмт хэргийн зохион байгуулалтад орж, хар тамхины наймаачид болоод байна уу гэдгийг шалгана. 30 гаруй жил Улсын Их Хурлын энэ институцийг ажиллуулахгүй мухар олгой шиг унтуулсан.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2026-10-06 17:02:13
Ганц цагдаагийн байгууллага ч биш бүх салбарт асуудал бий болсон. Маш том асуудлууд хуримтлагдсан. Юунаас болсон бэ гэвэл энэ бүлтрээд байгаа Тэмүүжингээс л болсон. Ганц Тэмүүжин биш л дээ. 1990 оноос хойш төрд гарсан Ерөнхийлөгч, гишүүн, сайд дарга нэртэй бүлэг луйварчдаас л болж байгаа ш дээ. Цагдааг шинэчлэх хангалттай эрх мэдэл төр засгийн болоод хуулийн боломж энэ Тэмүүжинд хангалттай байсан. Тогтолцооны хүн яаж ч чадаагүй биш бил үү. Цагдааг биш эхэлж, УИХ-аа өөрчилж байж л доошоогоо цэгцэрнэ ш дээ. Эрхэм гишүүн Тэмүүжээн.