Хүний эрхийн дэд хороо баривчлах, цагдан хорих хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

Хуваалцах:
Хүний эрхийн дэд хороо баривчлах, цагдан хорих хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэнэ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Хүний эрхийн дэд хороо баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зохицуулалтын хэрэгжилтийг хуралдаанаараа хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хуралдаанаар сэжигтнийг баривчлах, яллагдагч, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэл, түүнд хамаарах нотлох баримттай танилцах эрхийн хэрэгжилт, таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж буй байдал, үндэслэлгүйгээр цагдан хорьсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлж буй практикийг авч үзнэ. НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг 2022 оны аравдугаар сарын 3–14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, айлчлалынхаа тайланд баривчлах, цагдан хорих ажиллагааны эрх зүйн баталгааг сайжруулах, дур зоргоор саатуулахаас хамгаалах хууль тогтоомж, практикийг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж өгсөн.
УИХ 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Мөн өдөр “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 18 дугаар тогтоолыг баталж, баривчлах болон таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлд хамаарах нотлох баримттай танилцах, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр явуулах, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш байдлыг хангах зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.
Эдгээр хууль тогтоомжийн хэрэгжилт, практикт тулгарч буй хүндрэл, хүний эрхийн баталгааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргах зорилгоор Хүний эрхийн дэд хорооны хуралдааныг зохион байгуулна.
Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан иргэд, хуульч, өмгөөлөгчдөөс мэдээлэл, санал хүлээн авах ба  баривчлах, цагдан хорих ажиллагаа, нотлох баримттай танилцах эрх, шүүхийн хэлэлцүүлгийн мэтгэлцээн болон хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал, бодит нөхцөл байдал, санал, зөвлөмжөө ирүүлэхийг хүслээ.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх