
Ө.Шижир гишүүний хэлснээр тамхины компаниудын лобби ч хүчтэй юм. Ийм лоббид ямар гишүүд ордгийг харах цаг ирлээ.
Тамхины хяналтын хуулийг хавар баталчих байсныг батлуулалгүй, намрын чуулган эхэлмэгц шийдэх ёстой байсныг ч сараар уяж чадсан. Энэ хооронд тамхинуудаа маш ихээр нөөцөлж амжсан гэдгийг эрхэм гишүүн хэлж байсныг анхаарахгүй байхын аргагүй. Тамхины компаниуд энэ хуулийг батлуулахгүй гэж хэдэн парламент дамнан ажиллаж чадсан. Энэ удаагийн парламент дээр ч нэлээд үзлээ. Ажлын хэсгийг нь ч хуралдуулахгүй удаж, хууль санаачлагчийг ч мохоох гэж үзсэн.
Гэхдээ хууль санаачлагч О.Номинчимэг ч хатуу үзэж, нам хамааралгүйгээр цөөнгүй гишүүд хүүхдүүд, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө нэгдэж, уг хуулийг яаралтай батлахыг шахсаар энэ долоо хоногт энэ хуулийг эцэслэн батлахаар товд арайхийн орж ирлээ. Хаврын чуулганаар бүх хэлэлцүүлгүүд хийгдэж, зөвхөн санал хураалтаар эцэслэн батламжлах л үлдсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн 78 хувь нь санал нэгдэж, энэ хуулийн төслийг дэмжсэн байдаг. Гэхдээ цагаа тулахаар тэд яаж ч магадгүй гэдэг УИХ-ын гишүүн Ө.Шижирийн ярианаас харагдаж байна.
Тэрбээр “Тамхийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 сая ам.доллараар нэмэгдэж хилээр орж ирсэн. Ийм хэмжээний онцгой албан татвараа авч чадаагүй байна. Энэ хооронд та нарын эс үйлдэхүйгээс болж ямар хэмжээний алдагдал хүлээж байгааг бодож үзээч. Яг хэний мөрөөдлийг биелүүлээд байгаа юм бэ. Санал хураалтаар мэдчихмээр байх юм” гэсэн. Үнэхээр өнгөрсөн долдугаар сарын 2-нд сүүлийн хэлэлцүүлгээ хийж саналаа өгсөн гишүүдийн нэрс нэгэнт тодорхой байгаа. Хэн саналаасаа буцаж, хэн эрх ашигт дөрлөгдсөн гэдгийг Ө.Шижир гишүүн харчихмаар байна гэсэн. Үнэхээр харчихмаар байна шүү. Эрхэм гишүүд ч танхим дотроо үүнийг харчихаж чадна, хэвлэлийнхэн, иргэд олон нийт ч нээлттэй парламентын үзүүлэлтээс харж чадна.




