УИХ-ын гишүүдийг Зөрчлийн тухай хуулиар саатуулж баривчилдаг болно

Хуваалцах:
УИХ-ын гишүүдийг Зөрчлийн тухай хуулиар саатуулж баривчилдаг болно
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн Цэц аймшгийн шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдлаа хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Үндсэн хуулийн Цэц энэ  сарын 26-ны дунд суудлын хуралдаанаараа нэгэн аймшигт, ноцтой шийдвэр гаргалаа. Энэ нь Зөрчлийн тухай хуулиар УИХ-ын гишүүнийг 30 хоног баривчлах, 700 цаг буюу хоёр сар гаруй хугацаанд саатуулахаар болж байна.  Үүнийгээ Цэц, УИХ бусдын адил тэгш эрхтэй байх ёстой. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй хэмээн тайлбарлаж байна. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл, төрөөр тоглож болохгүй.   Энэ нь эх орны эсрэг ноцтой шийдвэр. Тухайлбал, Засгийн газрыг огцруулах ч юм уу улс орны чухал асуудал хэлэлцэх болоход эсрэг нөхдийг шалихгүй зүйлээр саатуулчихна. Янз бүрийн шалтаг гаргаад хорьж болно. Аюултай шийдвэрийг ҮХЦ гаргалаа. Зөрчлийн тухай хуулиар нийтийн хэв журам зөрчлөө зэрэг жижиг асуудлаар баривчилж болно. Ер нь Цэцийн гишүүдийг эргэн харах ёстой. Цэц Төрийн эрх барих дээд байгууллагад халдаж байна. Гэтэл Цэц эсрэгээрээ өөрсдөдөө ихээхэн хамгаалалттай. Их сургуулийн багш хэдэн залуусыг аваачаад тавьчихсан хэмээн бухимдав. 
 
Харин энэ асуудлаар хуульч О.Батхүү байр сууриа илэрхийллээ. Тэрбээр 
- Жирийн иргэд бид согтуугаар жолоо баривал 400 мянган төгрөгөөр торгуулж, жолоодох эрхээ хасуулах буюу 7–30 хоног баривчлах хуультай. Гэтэл УИХ-ын гишүүд согтуугаар жолоо барьсан ч шүүхээс Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж болохгүй гэж хуульчилсан.
-Жирийн иргэд бид олон нийтийн газар агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулбал торгуулна, эвгүйтвэл баривчлагдана. Харин УИХ-ын гишүүдэд шүүхийн журмаар ийм шийтгэл оногдуулахыг хуулиар хориглосон.
- Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй, эрүүгийн хэрэгт тооцогдохгүй зөрчил гаргасан гээд олон хүнийг баривчилж байгаа. Харин УИХ-ын гишүүдэд шүүхээр ийм шийтгэл оногдуулахыг хориглосон.
-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй үйлдлийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэдэг. Гэтэл гишүүд ийм зөрчил үйлдсэн бол шүүхээр шийтгэл оногдуулж болохгүй гэсэн хамгаалалт бий.
- Өвчин, тахал дэгдэхэд жирийн иргэд бид гэртээ хоригдож, хорио цээрийн дэглэм зөрчвөл торгуулна. Харин гишүүд ийм үйлдэл хийсэн бол шүүхийн журмаар шийтгэл оногдуулахыг хориглосон.
 Тиймээс эрх тэгш байдал алдагдсан гэв. 
Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа дээрх асуудлыг авч хэлэлцэх бөгөөд УИХ эцэслэн шийдвэрлэх  юм. 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх