АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгахаар болов

Хуваалцах:
АТГ: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгахаар болов

Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 371 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 268 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 103 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 124 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Эдгээрээс есөн гомдол, мэдээлэлд дурдагдсан үйлдэлд холбогдох зөрчлийг тогтоож, хуульд заасан хариуцлага тооцуулахаар шилжүүлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Дорнод аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан тушаалтан Б, эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн удирдах албан тушаалтан Д, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд, Увс аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б, Баян-Өлгий аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М, Хот байгуулалт, хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй болохыг тогтоон, харьяаллын дагуу шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ. Төлөвлөгөөт хяналтаар 35 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав .

Хяналт шалгалтын явцад мэдүүлэг гаргагчийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн дансны орлого, зарлага, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлаагүй зэрэг нөхцөл байдлыг тогтоож, холбогдох албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байх тул нарийвчлан шалгуулахаар холбогдох хэлтэст шилжүүлжээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх