
Ерөнхий сайд Н.Учрал зарим албан тушаалтанд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлнө гэдгээ өчигдөр мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр Засгийн газрын хуралдаанаар Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд чөлөөлсөн байна.
Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал "Аудитын байгууллагаас 113 албан тушаалтанд хариуцлага тооцох албан шаардлага ирүүлжээ. Салбарын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хуулийн хүрээнд хариуцлага тооцох үүрэг өглөө. Ирэх долоо хоногт хэнд ямар хариуцлага тооцсон талаар нээлттэй мэдээлнэ. Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан нарыг хууль хяналтын байгууллага, Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн мэдэгдэлд үндэслэн чөлөөлж байна. Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд агентлагийн дарга хүртэлх түр орлон гүйцэтгэгчдийн асуудлыг цэгцэлж, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах үүрэг өглөө. Засгийн газрын шийдвэр дунд, доод шатанд гацаж, замхардаг байж болохгүй. Төрийн алба бол эрх мэдэл эдлэх газар биш, иргэдэд үйлчлэх газар. Хариуцлага тооцохдоо хэнийг ч хэлмэгдүүлэхгүй. Харин хууль зөрчсөн хэнийг ч хамгаалахгүй” гэлээ.




