
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар 2027 оны төсөвтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "2027 оны төсвийг баталлаа. Эрүүл мэндийн салбарт хэд хэдэн реформын шинжтэй ажил хэрэгжүүлж байна. Ялангуяа эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа. Өнгөрсөн онд 850 орчим мянган иргэн хөнгөлөлттэйгөөр эм авсан. Тэдгээрийн 240 мянга нь архаг өвчтэй, тухайлбал, зүрх судасны өвчин болон чихрийн шижинтэй иргэд байна. Зүрх судасны өвчний эмийг ангилбал гурван төрлийн эм бий. Нэгдүгээрт, цус шингэлэх, даралт бууруулах, зүрхний хэм алдагдлын үед хэрэглэдэг эм. Эдгээр 240 мянган иргэний дийлэнх буюу бараг 80 хувь нь ахмадууд байна. Ахмадуудын судалгаанаас харахад тэтгэврийнх нь орлогын 40-70 хувиа шууд эмийн зардалд зарцуулж байгаа юм. Мөн эдгээр 240 мянган ахмадын 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар эмийн хэрэглээгээ тасалдуулсан байна. Учир нь, эмээ худалдан авах мөнгө нь хүрэлцдэггүй гэж ойлгож болно.
Тиймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүдийг 220 төрлийн эмийн хамтын төлбөрөөс чөлөөлж байгаа гэж ойлгож болно. Үүний үр дүнд, иргэдийн бодит орлого нэмэгдэнэ. Эмээ тогтмол хэрэглэж чадахгүй байснаас өвчин нь хүндрэх, улмаар эмнэлэгт хэвтэх нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьд хамгийн чухал зүйл бол хүн өвдсөнийх нь дараа эмчлэхээс илүү өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх явдал юм" гэв.




