УЛС ТӨРШУУДОнцлох

Л.Наранбаатар: Монгол улсын Ерөнхийлөгч ард түмнээсээ 10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлсан

Хуваалцах:

Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр хамгийн олон хохирогчтой залилангийн гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Би өнөөдөр та бүхэнд монголын хамгийн олон хохирогчтой залилангийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийх гэж байна. Маргааш цагаан сарын баярын битүүний өдөр. Гэхдээ баярын урд өдөр ийм юм ярьж байгаадаа үнэхээр харамсаж байна. Энэ гэмт хэргийн гол хохирогч нь 3.3 сая монголчууд. Тэр утгаараа энэ гэмт хэргийн талаар нэг минут секунд ч чимээгүй дуугүй  сууж болохгүй.

Би өнөөдөр зөвхөн баримт факт ярина. Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэлх 270 км төмөр замыг 2010 онд "Энержи ресурс" ХК барих гэж байхад тухайн үеийн Барилга, зам тээврийн сайд Х.Баттулга гацаасан. Үүний улмаас 10 тэрбум ам.долларын хохирол учирч 698.8 сая ам.доллараар барих гэж байсан төмөр замын өртөг одоо нэг тэрбум 281 сая ам.доллар болсон. Өнөөдөр Монгол улс нэг сая тонн нүүрс гаргах гэж 1-2 хүний амь насыг золиосолж байна. Жолооч нар өвөл машиндаа халаагч тавьж шатаж үхэж байна. 2013 онд төмөр зам ашиглалтанд орж 17 тэрбум 442 сая ам.долларын борлуулалтын ашиг олох боломжтой байсан. Мөн ам.долларын ханшийг өнөөдөр 1500 төгрөг байлгах боломж байлаа. Цэвэр ашиг 7 тэрбум 402 сая ам.доллар олох боломжтой байсан. Засгийн газар үүнийхээ 85 хувийг буюу 6 тэрбум 306 сая ам.долларыг хүртэх байсан. Үүн дээр "Эрдэнэс Тавантолгой"-гоос улсад төлөх татвар 3 тэрбум 715 сая ам.доллар байв. Ингээд нийтдээ 10 тэрбум ам.долларын цэвэр ашгийг бид алдсан.

Энэ мөнгийг нэг өрхөд хуваавал 11,130 ам.доллар буюу 32 сая төгрөг болж байгаа. Тэр тэр мөнгийг төр нэг өрхөд өгөх боломж байсан. Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замыг гацаагаагүй байсан бол бид энэ их мөнгийг иргэддээ өгөх боломжтой байлаа. Мөн энэ мөнгөөр гэр хорооллын 250 мянган өрхийг 70 мкв бүхийн орон сууцанд үнэгүй оруулах боломж байсан. Ингэснээр бид утаа, хөрсний бохирдлоос нэг мөсөн салж болох байлаа. Эсвэл 10 тэрбум ам.доллараар 14 мянган цэцэрлэг барих боломж байсан. Төмөр замаа ашиглалтад оруулсан бол монголчууд өдийд 100 хувь Оюутолгойгоо өөрсдөө ажиллуулах байсан. Гэтэл 60-70 сая тонн зарсаны эцэст арай хийж 1072 ширхэг хувьцааны 96,480 төгрөгний ногдол ашиг хүртлээ.

Үнэн хэрэгтээ бид 1,884,503 төгрөгийн ногдол ашиг авах боломжийг алдсан. Төмөр замыг гацаасан нь хамгийн том гэмт хэрэг. Үүний хамгийн том хохирогч нь Монголын ард түмэн. Урьд нь төмөр зам баривал танк орж ирж, монголчууд эзлэгдэнэ гэж Ерөнхийлөгч хэлж байсан. Тэгээд эцэст нь Майдар хот, Аж үйлдвэрийн парк гээд баахан макет хийгээд тэр хүн таг болсон. Гэвч өнөөдөр тэр хүн биднээс 10 тэрбум ам.долларын боломжийг хулгайлчихаад байна. Үүнээс хэн хамгийн их хожсон бэ гэвэл хоёр хөрш болон "Голомт"-ын Д.Баясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар.

Энэ хугацаанд ОХУ 32 сая тонн коксжих нүүрсийг Хятадад зарсан. Өнөөдөр Якутад нэг тэрбум тонн нүүрсний нөөц байна. Энэ нүүрсийг Владивостокоор дамжуулан Хятадад зарж байна. ОХУ-д Элегест хэмээх хоёр тэрбум тонн нөөцтэй нүүрсний уурхай бий. ОХУ-ын зэс, нүүрс Монголын төмөр замаар дамжиж Хятад руу зөөвөрлөгдөнө. ОХУ-ын төслүүдийг явуулахын тулд Монголд төмөр зам бариагүй. ОХУ ингэж хожсон. ОХУ-ын Хятадын нүүрсний зах зээлийг эзлэх хэмжээ жил бүр өснө. Тэгээд Монголын зах зээл эндээс шахагдана. Мөн удахгүй Австрали эргэн орж ирнэ. Төмөр замаа бариад ч хэрэггүй болно. Харин Хятад Монголоос хямд нүүрс авч хамгийн их хожсон. Бид Хятадад гурав дахин бага үнээр нүүрсээ зарсан. Өнөөдөр "Голомт"-ын Д.Баясгалан болон "Бодь" групп долоон ам.доллараар буюу хамгийн бага өртгөөр нүүрс авч байна. "Бодь" групп 2.770 сая тонн нүүрсийг зарсан. Ингээд "Голомт"-ын Д.Баясгалан 1 тэрбум ам.долларыг ашгийг ганцаараа хүртэж Монголоос долларын тэрбумтан төрлөө.

Харин Х.Баттулга Оросын даалгаврыг амжилттай биелүүлж Д.Баясгалан найздаа төмөр зам авч өгсөн. Магадгүй би энэ бүхнийг мэдээлснийхээ төлөө шоронд орж болзошгүй. Төмөр замын тендерийн талаарх мэдээллийг улсын нууцад хамруулсан. Хэрэв энэ хэргийг сөхвөл эрүүгийн гэмт хэрэгтэн болно. Ийнхүү 3.3 сая хохирогчтой хэргийн ялагч нар нь эдгээр хүмүүс. Тэр үүднээсээ Монгол улс бүрэн ялагдсан. Монголд баяжуулах үйлдвэр байхгүй учир Хятад ингэж ялсан. Өнөөдөр оросууд баяжуулах үйлдвэрээ барьж байна. "Голомт"-ын Д.Баясгалан тендергүйгээр төмөр зам барих эрхийг авсан.

Тэр үүднээсээ Х.Баттулга өөрийнхөө найздаа гавьяат эдийн засагч цол өгсөн учир би энэ хоёрыг хардаж байгаа юм. Хэрэв 2013 онд төмөр зам баригдчихсан бол бид сая гаруй төгрөгийн ногдол ашиг авах байлаа. Сая Ерөнхийлөгчийн институц "Голомт"-ын угшилтай шүүгчийг дээд шүүхэд томилох гэж үзсэн. Харин Монголын минь заяа түшиж азаар ийм зүйл болсонгүй. Энэ алдсан 10 тэрбум ам.долларыг дахиж нөхөн олох боломжгүй. 100 мянган залуучуудад 100 мянган ам.доллар өгөөд дэлхийн топ сургуулиуд руу явуулах боломж байсан. Харин бид энэ боломжийг алдсан. 2023 онд Оросууд 65 сая тонн коксжих нүүрс тээвэрлэх маш том терминаль барьж Монголчуудыг нүүрсний зах зээлээс шахах гэж байна. Би тооцоо судалгаагаа та бүхэнд нээлттэй ил болгоно" гэлээ.

Ж.Батдорж


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих