УЛС ТӨРОнцлох

Ноён урваач нохой шарваач

Хуваалцах:
Ноён урваач нохой шарваач

Улс төрийн урвагчид сүүлийн үед Монголоор дүүрэн бий болжээ. Тэр дундаа өнөө үед ашиг сонирхол нь нийлж л байвал урвах шарвах явдал газар сайгүй сайгүй өрнөж байна.

Үүний нэг тод жишээ нь саяхан МАХН-ын дарга Н.Энхбаяр удахгүй эрх баригч МАН-тай нэгдэж магадгүй гэх яриа гаргасан явдал юм.

Н.Энхбаярын хувьд өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Монгол улсын Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж үзсэн эрхэм. Тэрээр нэг хэсэг эрх баригч МАН-ынхантай эв түнжин хагарч өрх тусгаарлан МАХН-ыг шинээр үүсгэн байгуулсан гэдгийг хүн болгон мэднэ.

Үүний дараа тэрээр МАНАН гэгч хадны мангаад дайн зарлаж, бөөн эмгэнэлт инээдмийн жүжиг тавьж байсныг монголын ард түмэн эрхбиш санаж байгаа байх. Гэтэл одоо тэрээр өнөөх хүчээ үзнэ гээд байсан эрх баригч МАН-ынхантай ижий ахай бололцон инээд алдан цэцэг өргөөд явж байгаа нь олон хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна.

МАХН-ын зарим удирдах албан тушаалтнууд ч МАН-тай нэгдэж нийлэхэд татгалзах зүйлгүй гэсэн нь тус нам анхнаасаа Н.Энхбаярын шоуны нэг хэсэг байсан юм биш биз гэсэн сэтгэгдлийг төрүүлж байна. Хэрвээ Н.Энхбаяр гэдэг хүн анхнаасаа шударга ёсыг хүсч байсан юм бол яагаад эцсээ хүртэл тэмцээгүй юм бол гэдэг асуултыг өдгөө олон хүн түүнд тавьдаг нь зүй ёсны асуудал юм.

Тэр үүднээсээ тэрээр анхнаасаа сэтгүүлч З.Алтайгийн хэлснээр зүгээр л “махан  толгойт”  байсан нь одоо нэгэнт тодорхой болж байна. Н.Энхбаяр гэдэг хүн нэгэн үе Монгол улсыг хаан шиг захирч байсан. Тэгвэл өнөөдөр монголын ард түмэн түүний үед бий болсон бугшмал идээ бээр, авлигын уул уурхай, хүнд суртлыг арилгах гэж махаа идэж сууна.

Уул нь Н.Энхбаярт тухайн үед өдгөө өөрийнх нь яриад буй тэр шударга ёсыг сахиулах боломж нь байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь тэрээр үүнийг огтхон ч хийхийг хүсээгүй. 

Тэгчихээд өнөөдөр өнөөх тэгтлээ үзэн ядаад байсан МАНАН бүлэглэлтэйгээ тэврэлдээд явж байгаа нь яав ч эрүүл үзэгдэл биш. Тэр утгаараа тэрээр Монголын улс төрд дахиад олон жил тоглолт хийхийг хүсч байгаа нь түүний хийж буй үйлдлээс харахад илт байна. Харин сонгууль ойртох тусам монголын улс төрд урвах шарвах ийм үзэгдэл улам ихсэх нь гарцаагүй. Тийм болохоор ирэх Ерөнхийлөгчийн сонгууль шударга сонгууль болохгүй, цэвэр мөнгөний сонгууль болох нь саяын жишээнээс тодорхой харагдаж байна.

 

Ж.Батдорж


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
1Пөөх