Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: "1992 онд батлагдсан Үндсэн хууль маш чухал. Тэр үед гадаад, дотоод бүх нөхцөл байдал цоо шинэ тогтолцоо руу шилжихээс өөр аргагүй байсан. 1992 оны хуулийг боловсруулахдаа нам төвтэй нийгмийн харилцаанаас төр төвтэй нийгэм рүү шилжихээр томьёолсон байдаг. Ингээд УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага гэж томьёолсон.
УИХ өөрөө төр болоод төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжээд хамгийн чухал, их эрх мэдэлтэй, мундаг байгууллагыг Үндсэн хуулиараа төрүүлсэн. Үүнээс хойш 32 жил явлаа.
Одоогийн Үндсэн хууль УИХ гэх хамгийн том эрх мэдэлтэй институцыг байгуулсан. Ингэснээр УИХ нь төр болоод төр төвтэй нийгмийн харилцаа руу шилжлээ. Үүнээс болж хяналтаас гарч, хулгайг зогсоож чадахгүй болж байна. Одоо иргэн төвтэй Үндсэн хууль хэрэгтэй байна. Энэ бол нийгмийн захиалга. Ерөнхий сайд илтгэлдээ Үндсэн хуулиа хэвээр үлдээх, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэ Үндсэн хууль батлах гэсэн гурван зам байгааг хэлсэн. Илтгэлийн гол агуулга нь шинэ Үндсэн хууль батлах тухай байсан. МАН, МАХН хоёр нэгдэж байхад бид Үндсэн хуулийн хямарлаа засъя гэж ярьж байсан юм. Шинэчлэлээр баялгаа ард түмэндээ өгье гээд, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд “Баялагтаа эзэн Монгол” уриатай оролцсон юм.
Н.Энхбаяр коммунист дэглэм тогтоох гэлээ гээд л эхлэх байх. Гэвч энэ хуулийн төсөл хүний эрхийг голчилсон Үндсэн хууль болсон. Энэ хуулийг хэрэгтэй эсвэл хэрэггүй гэдгийг ард түмэн л шийднэ. Айх зүйл ерөөсөө байхгүй" гэлээ.




