
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зургаадугаар сарын 1-нд Москва хотноо Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй хэлэлцээ хийх тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээлжээ. Тэрбээр “Зургаадугаар сарын 1-нд Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай хоёр талын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх өндөр, дээд түвшний хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг хэлэлцэнэ” гэжээ. Батцэцэг, Лавров нар өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд утсаар ярихдаа Монгол Улсын Гадаад харилцааны сайдын ОХУ-ын нийслэл хотод хийх айлчлалын талаар тохиролцоонд хүрч, 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд тэмдэглэх ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хамтарсан арга хэмжээг эхлүүлсэн билээ. “Айлчлалын хүрээнд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулах ёслолын ажиллагаа болно. Манай хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан их хувь нэмрийг нь үнэлэн түүнийг энэхүү одонгоор энэ оны гуравдугаар сард шагнасан” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч нэмж хэлжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу