
Төрийн том тендерүүд хамдаг, гадаад паспортын хэвлэлтийг хувийн бизнесээ болгосон, сонгуулийн саналын хуудсыг 17 сонгуулийн турш дангаараа ноёрхон хэвлэж байга гэх мэт олон дуулиантай баримтууд нь дэлгэгдсэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн талаар Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяа эрэн сурвалжилсан нэвтрүүлгийнхээ хоёр дахь дугаарыг цацлаа. Түүний нэвтрүүлгийн тоймлон буулгаснаа хүргэе.
Төрийн томчууд Б.Батцэцэг сайдын компанид л хийсэн хайрцаг савтай зүйлсийг бусдад бэлэглээд байдаг юм бэ, яагаад?

Монополын эсрэг Б.Батцэцэг сайдын гэр бүлийн бизнес болон түүнийг жигшиж байгаа нууц эх сурвалжууд мэдээлэл өгсөөр байна. Тэрхүү мэдээлэлд нь үндэслэн эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэж байгааг зориуд хэлье.
Надаас захиалагч хайж байгаа, захиалагчаа зарлачихъя. Б.Батцэцэгийн монополыг жигшин зэвүүцэж буй хүмүүс дотор төрийн албан хаагчид ч бий.
Тэд “Хэвлэж болох бүх зүйлийг хэвлэж, шударга бус замаар монопол тогтоогоод байгаа Б.Батцэцэгийн энэ асуудлыг харин ч бид 20 орчим жил тэсэж тэвчлээ. Одоо дуугаръя” гээд бидэнд хандсан юм.
Яагаад зөвхөн улс төрд нөлөө бүхий этгээдийн компани л паспорт хэвлээд байгаа юм? Яагаад улс төрд нөлөө бүхий этгээдийн компани архи, тамхины татварын наалт тэмдэгтийг хэвлээд байгаа юм? Яагаад улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Батцэцэгийн компани л сонгуулийн саналын хуудсыг хэвлээд байгаа юм бэ? Яагаад?
Улс төрд нөлөө бүхий этгээд Б.Батцэцэгийн компанийн л хэвлэсэн, үйлдвэрлэсэн уут тор, хайрцаг сав, аяга шанагыг нь төрийн томчууд, сайд нар бусдад бэлэглээд байгаа юм бэ?
Төртэй холбоотой томоохон бизнесүүдийг яагаад заавал энэ хүн хийгээд байгаа юм бэ? УБЕГ гэдэг байгууллага бий. Гадаад паспорт, үл хөдлөхийн гэрчилгээ, нас барсны, төрсний, гэрлэсний нас гээд эдгээрийг хэвлэдэг байгууллага. Яагаад заавал энэ байгууллага “Төрийн үнэт цаас хэвлэл” компани байгуулахдаа 49 хувийг нь “Мигасон” компанид өгсөн юм бэ?
ҮАБЗ: Гадаад паспорт хэвлэх ажлыг Б.Батцэцэг сайдын компанид л өг!

ХЗДХ-ийн сайдаар О.Алтангэрэлийг ажиллаж байх үед гадаад паспортыг бид эх орондоо өөрсдөө хэвлэнэ, үйлдвэрлэнэ гээд ЗГ-аас чиглэл өгсний дагуу тендер зарласан байдаг. Харамсалтай нь, тендерийнхээ үр шимийг үзэж амжаагүй байтал О.Алтангэрэл суудлаасаа огцорч сайдын суудлаа Л.Мөнхбаатарт шилжүүлж байв. О.Алтангэрэлээс энэ тухай нь асуухад “Ярих боломжгүй байна аа” гээд мэдээлэл өгсөнгүй. Дараагийн сайд нь Л.Мөнхбаатар. Түүний үед уг тендерт нэгэн компани баримт материалаа бүрдүүлээд орсон байдаг юм.
Тэрхүү тендерт тэр консорциумаас өөр газар ороогүй аж. Л.Мөнхбаатарын үед тендер нь зарлагдсан ч хариу нь гараагүй явж байтал “Танайх худлаа боллоо, болохоо байлаа шүү” гэсэн хариу ирсэн байгаа юм. “Яачхав аа, та нар тендерийн материалаа шалгаж үзээгүй байж байтал юу болчхов оо?” гэтэл “ҮАБЗ-өөс нэгэн компанитай шууд гэрээ байгуулаад гадаад паспортоо хэвлэ” гэдэг чиглэл ирсэн. Дэлгэрэнгүй тайлбарлах, үзүүлж харуулах боломжгүй байна. Яагаад гэвэл тэр нь “Нууцын тамгатай” гэж тайлбарласан байгаа юм. Л.Мөнхбаатараас энэ тухай асуухад мөн л юм ярьсангүй. Ер нь энэ сэдвээр юм асууя гэхээр хэн нь ч ам нээхгүй байна.
Дараагийн ХЗДХ-ийн сайд нь Х.Нямбаатар. Х.Нямбаатарын үед Б.Батцэцэгийн хамаарал бүхий “Мигасон” компани гадаад паспорт хэвлэж эхэлсэн байдаг юм. Тэгэхээр энэ тухай Х.Нямбаатар сайд мэдэхийн дээдээр мэдэж байгаа гэсэн үг. Бид маш олон өдөр уйгагүйгээр, “Мэдээлэл өгөөч ээ, та мэдэж байгаа шүү дээ” гэж бичсэн. Харамсалтай нь, мань эр “сийндээд” юу ч ярьсангүй.
Хуульзүйн гурван сайд дамжиж, гурав дахь дээр нь шийдэгдсэн эл асуудал ноцтой байгаа биз? ҮАБЗ-ийн өгсөн чиглэлийн дагуу ямар ч тендергүй, сонгон шалгаруулалтгүйгээр, шууд гэрээгээр “Мигасон” гэдэг компани гадаад паспорт хэвлэдэг болсон байна. Сонин давхцал байгаа биз дээ. “Мигасон”-ыг хайгаад явтал Б.Батцэцэгтэй хамаатай болж таарч байна.
Гадаад паспортны бизнесийг атгасан Б.Батцэцэг сайдаас Хууль зүйн сайд нар хүртэл “айж” байна
Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа Германаас 7,5-8 тэрбумын үнэтэй гадаад паспорт хэвлэх 2 ширхэг машин оруулж ирээд УБЕГ-ын нэг давхарт гадаад паспорт хэвлэж байжээ. Гэтэл тэр машиныг Б.Батцэцэгийн компани хувийнхаа компани руу зөөж авч яваад гадаад паспорт хэвлэж байна. Хамгийн сонирхолтой нь, 2025 онд гэхэд 278 мянган ширхэг гадаад паспорт хэвлэсэн байна. Гадаад паспортын үнэ 80 хэдэн мянган төгрөг байгаа. 80 мянгаар бодоход 22 тэрбум 240 сая төгрөгийн борлуулалтын орлого олсон гэсэн үг. Монгол Улсад өнөөдөр 278 мянган хэрэглэгчтэй, маркетинг шаардлагагүй ямар бизнес байгаа юм бэ?
Төртэй нийлсэн хамгийн том бизнес гэвэл Б.Батцэцэг сайдын энэ сайхан бизнес л байна. 278 мянган паспорт бол зөвхөн улаан паспорт. Цаана нь нөгөө л цэнхэр, ногоон гээд дипломат паспортуудын хэвлэлтийг энэ тоонд оруулаагүй. Тэгэхээр маш их ашиг хийдэг газар. Энэ тухай нь асууя гээд УБЕГ-ын одоогийн дарга Д.Давааням руу “Мэдээлэл өгөөч” гэж маш олон залгалаа, бичлээ. Огт мэдээлэл өгдөггүй. Энэ хүн одоогийн ЗГХЭГ-ын дарга. Өмнө нь Хуульзүйн сайд байсан Б.Энхбаярын үед томилогдсон, тус яаманд мөн л албан тушаал хашиж байсан хүн. Гадаад паспортын хэвлэлттэй холбоотой асуудал, но, булхай, бузар булайг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Мэдэж байгаа учраас тэр үү, эс үйлдэхүй хийгээд ямар ч мэдээлэл, ямар ч ярилцлага өгдөггүй.
Б.Батцэцэг сайд аа, та яагаад өөртөө хамааралгүй гэж мэдэгдсэн Н.Цэрэндолгорыг Ерөнхийлөгчийн айлчлалуудад дагуулж яваад байгаа юм бэ?

Б.Батцэцэг сайдаас би асуумаар байна. Энэ Н.Цэрэндолгор гэдэг хүний НДШ-ийг, ЭМД-ын шимтгэл төлөлтийг харъя. Үнэхээр тантай хамаагүй юм бол энэ Н.Цэрэндолгор гэдэг хүн хаана тэр төлөлтүүдээ хийж байсныг үзүүлчих. Н.Цэрэндолгор гэдэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Б.Батцэцэг нартай сүүлийн гурван удаагийн гадаад айлчлалд нь хамт явсан байна лээ шүү дээ. Гадаад паспорт дээрх штамп, хилийн шалганы мэдээллээр гараад ирнэ. Түүнийгээ харуулчих л даа. Үнэхээр гүтгүүлээд байгаа юм бол яах гэж Н.Цэрэндолгор гэдэг хүн та нартай хамт гадаад, дотоод яваад танай компанид нийгмийн даатгал төлөөд байдаг юм бэ?
Жирийн нэг хуульч, эрх зүйч эмэгтэй УАБЗ-ийн ширээн дээрээс төртэй нийлсэн компани байгуулах ийм эрх мэдэлтэй байна гэж үү? Үүнийг, нэрээ цаасан дээр зээлдүүлэхийг олон улсад брокси гэдэг нэр томьёотой. Өөрөөр хэлбэл, Б.Батцэцэгийн компанийн Брокси бол Н.Цэрэндолгор.
Б.Батцэцэг сайдын компани ламинатордах маягийн юм хийгээд л их мөнгө хийж байна

УБЕГ дотор өмнө нь ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа эх сурвалжууд бас нэгэн ноцтой баримт хэлж байна. Гадаад паспортын бэлдэц нь өөрөө чиптэйгээ, бэлдэцтэйгээ ирдэг гэж. Өөрөөр хэлбэл, Б.Батцэцэг сайдын компани 2023-2024 онд зөвхөн гадаад паспортын бэлдцэд 30 тэрбум төгрөгийг авсан байгаа юм. Шуудхан хэлэхэд Монгол Улсад гадаад паспорт үйлдвэрлээд байгаа юм үнэндээ алга. Чиптэй бэлэн бэлдэц гаднаас худалдаад авчихна. Чипэнд оруулж байгаа тэр мэдээллийг нь буюу датаг нь УБЕГ өгчихнө. Тухайн мэдээллийг нь уншуулдаг машиныг нь ХЗДХЯ, УБЕГ төсвийн мөнгөөр худалдаад авчихсан. Тэгэхээр Б.Батцэцэг сайдын компани бэлэн бэлдэц дээр улсын бүртгэлийн датаг уншуулаад л, төсвийн мөнгөөр худалдаж авч өгсөн машин дээр ламинатордах маягийн юм хийж өгөөд л их мөнгө хийж байна
Б.Батцэцэг сайд гадаад паспортын хэвлэлтээс 3 тэрбумаас ч илүү ашиг олж байгаа!
Үндэсний аудитын газрын тайланд дурдсан 3 тэрбум төгрөгийн ашиг гэж яриад байгаа зүйл бол мөн л цаасан дээр байгаа ашиг. Бодит ашгаа нууж байгаа. “Жордан Топпэн трейд” гэдэг компани 100 хувь Б.Сувдмаа гэдэг хүний компани. Б.Сувдмаа нь Б.Батцэцэгийн ажилтан байсан хүн. Б.Сувдмаагийн “Жордан топпэйн трэйд” ХХК-иас гадаад паспорт хэвлэдэг төрийн компани 24 тэрбум төгрөгөөр хэрэгцээгүй худалдан авалт хийснийг аудитынхан дүгнэчихсэн. Өөрөөр хэлбэл, ашиг нь 24 тэрбум төгрөг гэсэн үг . Ямар ч хэрэгцээ шаардлагагүй худалдан авалтуудыг хийнэ гэдэг гарч байгаа бодит ашгаа хэрэгцээгүй худалдан авалтаар халхавчилж гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр аудитынхны тайланд бичсэн 3 тэрбум бол ашиг биш, тэр бол “инээдтэй” мөнгө. Аудитын тайланг хэрэгжүүлэхгүй юм, яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ гээд ахиад л нөгөө УБЕГ-ын одоогийн дарга Д.Даваанямаас тодруулахаар юу ч ярихгүй, утсаа авахгүй.
Өмнөх дарга У.Болдхүү нь О.Алтангэрэл сайдын үед УБЕГ-ын дарга болсон АН-ын ҮБХ-ны гишүүн, хуульч мэргэжилтэй хүн. Тэрээр, “Иргэний бүртгэл мэдээллийн газрын даргаа хяналт тавьж чадаагүй, хариуцлага алдсан гээд тухайн үед би ажлаас нь халж байсан. Гэтэл намайг ажлаа өгсний дараа буюу ердөө 7 хоногийн дотор нөгөө хүнийг буцаагаад ажилд нь авчихсан байсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээллийг би өгөх боломжгүй. Учир нь АТГ-т эл асуудал яг шалгагдаж байгаа учраас мөрдөн байцаалтын явцад байгаа хэргийн талаар ярьж болохгүй” гэсэн юм.
УБЕГ-ын ажилтан: Б.Батцэцэг сайдын хүн гэгддэг Н.Ариунгэрэл юм хэлэхээр өөдөөс шууд л “Хуц” гэдэг байсан.

Гадаад паспорт хэвлэдэг “Төрийн үнэт цаас” хэвлэл компани байгуулагдангуут Б.Батцэцэг өөрийн хүн болох Н.Ариунгэрэлийг захирлаар нь тавьж байв. Түүний талаар УБЕГ-ын ажилтан асан залуу “Э.Ариунгэрэл маш хурц зантай, юм хэлэхээр өөдөөс шууд “хуц” л гэнэ. Хэн ч түүнд юу ч хэлж чадахаа байчихсан” хэмээн ярилаа.
Мөн тэрээр “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн 51 хувийг УБЕГ эзэмшдэг учраас цэвэр ашгаас ноогдол ашиг авах учиртай. Гэтэл УБЕГ-т ногдох ёстой ашгийг нь өгөхгүй, нэхэж явдаг ч хүн байхгүй дардаг. Б.Батцэцэг сайд ярилцлагадаа Н.Цэрэндолгорыг “Эрх зүйн хувьд надтай хамаагүй” гэдэг. Н.Цэрэндолгор гэдэг хүн нь ч Б.Батцэцэг сайдтай хамаагүй гэж яриад байдаг. Гэтэл гадаад паспорт эзэмшдэг төрийн өмчит компанийн эцсийн өмчлөгч Н.Цэрэндолгор бол Б.Батцэцэгийн найз гэдгийг хүн бүр мэднэ” хэмээн ярьсан юм.
Монголын төр зөвхөн Б.Батцэцэг сайдын компанид зориулж тендер зарладаг гэв үү?

“Татварын алба” гэсэн татварын онцгой албан татварын тэмдэг тэмдэглэгээ, архи, тамхи, дарс өөрөөр хэлбэл, пиво, шимийн архинаас бусад бүгд дээр нь энэхүү тэмдэгтүүд байдаг. Энэ хэвлэлтийг бас Б.Батцэцэг сайдын АТГ дээрх мэдүүлсэн ХОМ дээр нь Монголын үнэт цаас хэвлэл компани мөн л хэвлэдэг. Тасралтгүй олон жил зөвхөн Б.Батцэцэг сайдын компани л энэ бизнесийг эрхэлж байна.
Ямар ч маркетингийн сурталчилгаа хэрэггүй, дээр нь хэрэглэгч нар нь бэлэн. Төртэй нийлсэн ийм л бизнесийг тэр ахиад хийж байна гэсэн үг. Нэг ийм наалт нь 17.8 төгрөгийн үнэтэй. Татварын ерөнхий газраас үүнийг “Үнэн” гэж баталсан. Монголын үнэт цаас хэвлэл компани үүнийг олон жил хэвлэж байна. Сүүлийн 10 жил үүнийг “Үндэсний цаас”, “Монголын үнэт цаас хэвлэл” гэсэн хоёр компани л хэвлэж байсан.
Үүнээс нэг нюанс харагдана. “Үгүй ээ, Б.Батцэцэг сайдын компани хэвлэж чадаж байгаа, чадамжтай ганц компани юм чинь. Мушгин гуйвуулж харлуулах гээд аргаа барж байна” гэж магадгүй. Гэтэл нууц эх сурвалжуудын мэдээлж байгаагаар зөвхөн Б.Батцэцэг сайдын компанид зориулаад тендерийн шалгуураа тавьчихдаг, тендер зарладаг, өөр компани ороод ч ялах боломжгүй тийм шалгуурыг тавьчихдаг аж.
“Хамар, уруулынхаа хооронд мэнгэтэй, чихэндээ ээмэгтэй ийм эмэгтэйтэй л би суумаар байна аа” гэдэг шалгууртай эрэгтэй тэр эмэгтэйг л хайна. Яг л үүн шиг, Монголын төр Б.Батцэцэг сайдын “Монголын үнэт цаас хэвлэл” компанид байгаа, бусдаас арай өөр, онцлог шинжүүдийг нь тендерийн шалгууртаа оруулчихдаг. Нөгөө, “Урьдчилсан захиалгат тендер” гэж үүнийг хэлээд байгаа юм.
Архи, тамхины онцгой албан татварын тэмдэгт хэвлэх бизнес ч Б.Батцэцэг сайдынх

17.8 мөнгөний үнэтэй ийм жижигхэн наалтаас ямар ашиг олж шалиа аж гэж та бас бодож байж магадгүй. Гэтэл үгүй ээ, энэ асар ашигтай бизнес. Яагаад гэвэл Монголын топ 100 татвар төлөгч компаниудын жагсаалт дотор хамгийн эхэнд эрэмбэлэгдэж байгаа компаниуд бол архи, тамхины бизнес эрхэлж байгаа газрууд. Өөрөөр хэлбэл, монголд архи, тамхи тийм их хэмжээгээр зарагдаж байна. Нэг ширхэг зарагдах бүрт тэр ашиг нь Б.Батцэцэг сайдын компани руу, халаас руу ордог гэсэн үг. Мэдээж, Татварын ерөнхий газар, “Тийм ээ, бид захиалгат тендер хийдэг” гэж хэлэхгүй нь тодорхой. Гэхдээ салбарынхан нь бүгд л үүнийг мэддэг. Тиймдээ ч Татварын ерөнхий газрынхны тайлбарлаж, байгаачлан “Бид энэ компаниудыг орооч гээд санал хүсэлт явуулахаар ганцхан Б.Батцэцэгийн компани орж ирдэг” гэж байгаа биз.
Б.Батцэцэг сайдын компани 2012 оноос хойшхи 17 сонгуулийн саналын хуудсыг хэвлэжээ!!!

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн “Мөнхийн үсэг” компани 2012 оноос хойш өнөөдрийг хүртэлх нийтдээ 17 удаагийн сонгуулийн саналын хуудсыг бүгдийг нь хэвлэсэн байна. Өөрөө идэвхтэй улс төрч, нэр дэвшигч, эрх барьж байгаа намын удирдах зөвлөлийн гишүүн, ЗГ-ын гишүүн УИХ-ын гишүүний компани УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгуулийн саналын хуудсыг хэвлэх нь ашиг сонирхлын зөрчил мөн үү, биш үү?
Тийм ч учраас улс төрд нөлөө бүхий этгээдгүй компани нь энэхүү сонгуулийн саналын хуудсыг хэвлэе ээ гээд 2012 оноос хойш удаа дараа тендерт нь оролцдог ч шалгараагүй байна.
Хэвлэлтийн салбарынхан нэг зүйлийг ярьж байна. Тэд, “Б.Батцэцэгийн компанид зориулсан тендер зарлачихдаг. Б.Батцэцэгийн компани нь тухайн сонгуулийн санал авдаг хар машины компанитай нь хуйвалдчихсан. Тэгэхээр өөр компани тийшээ орж чадахгүй. Сүүлийн хэдэн удаагийн сонгууль дээр “Үндэсний үнэт цаас хэвлэл компани, “Улаанбаатар принт” компани хоёр энэ тендерт орсон. Гэхдээ хэвлэж байгаа тоо ширхэг, авч байгаа мөнгө нь маш бага. Монопол эрх нь Б.Батцэцэгийн компанид хүчинтэй хэвээрээ үргэлжилсээр байгаа” хэмээн ярьж байна.
Б.Батцэцэг сайдын компани төрийн хэвлэж болох бүх зүйлийг хэвлэж монопольдож байна
Б.Батцэцэг сайдын компани төрийн хэвлэж болох бүхий л зүйлийг хэвлэж байгаа, монополдож байгаа зөвхөн томоохон 3 жишээг дурдахад энэ.
Өөр ч жишээ бий. Тухайлбал, 2020 оны Ерөнхийлөгчийн амлалт болох Ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хууль хэрэгжиж, 2020 оны хоёрдугаар сард 6 сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэсэн. Зээлгүй байсан ахмадуудад тэгш байдлыг хангах үүднээс 1 сая төгрөгийн ваучерыг тухайн үед олгохоор шийдвэрлэж байсан. Гэтэл бүх зүйл цахимжсан, банкны систем хөгжсөн өнөө үед тэрхүү 1 сая төгрөгийг ахмадуудын данс руу шууд шилжүүлэх боломжтой байсан ч ваучер нээр нэг юм хэвлэсэн. Тэр хэвлэлтийг нь хүртэл Б.Батцэцэг сайдын компани хийсэн байгаа юм. Тэр үед хэвлэлтийн бусад компаниас тэрхүү ваучерыг нь 30-аас 60 сая төгрөгөөр хэвлэе ээ гэсэн ч Б.Батцэцэг сайдын хувийн компани 592 сая төгрөгөөр хэвлэж улсаас энэ мөнгийг авсан. Энэ бол Б.Батцэцэг сайдын компанид илт давуу байдал олгосон, төрийн мөнгийг зах зээлийн үнээс 10 дахин нугалж авсан санхүүгийн ноцтой зөрчил байжээ гэж харагдахаар байна.
“Төрийн нууц”, “Үндэсний аюулгүй байдал” гэх сүржин нэрсийн цаана энэ үгсээр халхавчилсан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн гэр бүлийн бизнесийг хэрхэн монопол тогтоож, татвар төлөгчдийн мөнгийг хувийн компани руугаа урсгаж байгааг бид харж байна.
Төр “Нууц” гэдэг үгээр халхавчилж яг юуг нуугаад байгаа юм бэ? Улсын аюулгүй байдлыг үнэхээр нуугаад байгаа юм уу, эсвэл улс төрчдийн бизнесийг хэрхэн цэцэглүүлж, хөлжүүлж байгаагаа нуугаад байгаа юм уу? Бүх зүйлийг улсын нууцад хамааруулаад, хавтгайруулаад цаана нь мөнгө иддэг схем Б.Батцэцэг сайдаар хязгаарлагдахгүй. Энэ 126 гишүүн, сайд байсан, сайд байгаа олон 100 хүний зөвхөн нэгийнх нь түүхийг ухахад л нэг ийм байна. Хөөрхий жирийн иргэд бид сайд, дарга нарыгаа баяжуулах гэж хөдөлмөрлөсөөр. Дундад зууны үеийн “Баячуудын диваажинг ядуусын там бүтээдэг” гэдэг шиг үйл явц 21 дүгээр зуунд өрнөж байна.
Эх сурвалж: Өрөг.мн Сэтгүүлч У.Болортуяа “Эрэн сурвалжлах” нэвтрүүлгээс.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу