
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас их, дээд сургуулийн асуудлаар мэдээлэл өглөө.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: "Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж авдаг улсын хэмжээнд 6146 оюутан байдаг. Ямар нэгэн байдлаар эцэг, эхийн аль нэг нь хөгжлийн бэрхшээлтэй. Энэ хүүхдүүддээ буцалтгүй тусламжаа өгнө. Мөн өндөр оноотой 1500 хүүхдийн төлбөрийг хөнгөлөлт цаашдаа үргэлжлээд явна. Гадаад улс оронд Засгийн газар хоорондын гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын төлбөр хэвээрээ үргэлжлээд явагдана.
Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол шилдэг 100 хүүхдэд ордог оюутнууд нийт зээлийн сангийн 50 орчим хувь энэ рюутнуудад зарцуулагдаж байгаа. Энэ хүүхдүүдээ судлаад үзэхээр хардлага сэрдлэг болоод байгаа дарга нарын хүүхдүүд, хөрөнгөтэй чинээлэг айлын хүүхдүүд сурч байгаа гэсэн ийм хардлага гардаг. Бид энэ бүх мэдээллүүдийг нийгэмд нээлттэйгээр дэлгэж байгаа.
Боловсролын яамны сайдын хувьд хариуцлагатайгаар хэлэхэд хэн нэгэн дарга, эрх мэдэлтний хүүхэд зээлийн сангаас төлбөр нь төлөгдөхгүй. 323 хүүхдэд 20 тэрбум төгрөг зарцуулж байна гэдэг энэ шудрага бус явдал гэж харж байна.
Ирэх хавар нийт оюутны 30 хувьд хүрэлцэх зээлийн бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ сурлагын амжилт, тэргүүлэх чиглэлээр суралцаж буй эсэхийг харгалзах бөгөөд тэгш, хүртээмжтэй байлгахад анхаарна. Одоогоор 147 мянган оюутны 10 хувь нь зээлд хамрагдаж байгаа" гэлээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу