
Хатан хаан II Элизабет нь эрүүл мэндийн шалтгаанаар Умард Ирландад хийх айлчлалаа цуцалж, НҮБ-ын нэрэмжит цаг уурын өөрчлөлттэй холбоотой хуралд, мөн Амь үрэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцоогүй билээ.Үүнээс үүдэж хэвлэлийнхэн II Элизабетыг эрх мэдлээ шилжүүлэх цаг нь болсон гэдгийг онцолж эхэлжээ. Гэхдээ хатан хаан амьдралынхаа сүүлийн мөч хүртлээ эрх мэдлээ шилжүүлэн өгөх бодолгүй байгаагаа мэдэгдэж байсан учир ханхүү Чарльзад хаан ширээнд суухад хэр их хугацаа шаардлагатайг таашгүй юм. Ямартай ч тэрбээр түүхэн дэх хамгийн өндөр настай өв залгамжлагч болно. Их Британийн хаант засаглалын түүхч, Виндзорын ордны шинжээч Эд Оуэнс нь хатан хаан II Элизабет хаан ширээгээ шилжүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн талаар “The Daily Express”-д мэдээллэжээ. Тэрбээр “Хатан хаан таалал төгссөн тохиолдолд хааны гэр бүл ямар нэг хямралд өртөхгүй. Учир нь бэлгэдлийн шинж чанартай эрх мэдлийг шилжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн” хэмээсэн байна. Эд Оуэнсийн бодлоор сүүлийн үед зохион байгуулагдаж буй бүхий л арга хэмжээнд хатан хаан II Элизабетын оронд ханхүү Уэльс оролцоод зогсохгүй цол, хэргэм олгох ажлыг гүйцэтгэж байгаа нь эрх мэдэл шилжүүлэх үйл явцын эхлэл тавигдсаныг гэрчилж байгаа гэнэ. II Элизабет одоо 95 настай, харин ханхүү Чарльз 73 настай юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу