
Уул уурхайн зах зээлд гуравт ордог Австралийн “Rio Tinto” компанийн хувьд дэлхий дахинд хэрэгжүүлж буй томоохон төслүүддээ шударга ёсыг хэрхэн ханган ажилладаг вэ. Тус компани нь уул уурхайн бусад томоохон компаниуд дундаас хамгийн их хөрөнгийг уул уурхайн төсөл хэрэгжүүлж буй газрууддаа биологийн олон төрөл зүйлүүдийг хамгаалах болон нөхөн төлбөр хийх зорилгоор олгосон байдаг.
“Rio Tinto” дэлхий дахинд нийт 19 биологийн олон төрөл зүйл байдаг бүсэд үйл ажиллагаа явуулж байна. Үүний 17-д нь хөрөнгө оруулагчид болон Засгийн газрын шаардлагаар хамгаалах, нөхөн сэргээх ажил хийж байгаа бол хоёрт нь сайн дураараа хийсэн байдаг.
Гэвч тус компани зургаан улсад хэрэгжүүлсэн томоохон төсөлдөө хангалтгүй үнэлгээ, дүгнэлт авсан байна.
Баримт 1. Индонезод байх дэлхийн алтны хамгийн том, зэсийн хоёр дахь том уурхай болох Грасбергийн төсөлд хүний эрх болон байгаль орчинтой зүй бус харьцаж байгаа талаар сүүлийн олон жилийн турш шүүмжлэл дагуулсаар ирсэн. Одоогийн нөхцөл байдал өмнөхтэй харьцуулахад дээрдэж байгаа ч нийт 20,000 орчим ажилтантай уг уурхай нь олон улсын стандартыг одоо хэрнэ хангаж чадахгүй байна гэж үзжээ.

Зураг: Индонези улс, Грасбергийн алт, зэсийн уурхай
Баримт 2. “Rio Tinto” нь Намиби улс дахь дэлхийн хамгийн удаан хугацаанд ажиллаж байгаа “Россинг” гэх ураны ил уурхайн ажилчдын эрүүл мэндэд хангалттай анхаарал хандуулахгүй байгаа бөгөөд шалгалтын явцад зарим уурхайчин нь цацрагийн хүнд хордлогод орсон байжээ. Шаардлага тавьсны үндсэн дээр энэхүү уурхайд өмнө нь ажиллаж байсан хүмүүст эрүүл мэндийн нөхөн олговор олгохоор болсон байна.

Зураг: Намиби улс, Россингийн ураны ил уурхай
Баримт 3. Папау Шинэ Гвиней улс дахь “Bougainville” зэсийн уурхайгаас ялгарах хүчиллэг бодисыг ойролцоох голын усанд шууд цутгасан нь байгаль орчинд маш аймшигтай хохирол дагуулсан байна. Үүнийг “Rio Tinto”-гийн байгаль орчны эсрэг үйлдсэн дайны гэмт хэрэг гэж 2013 онд тодорхойлж байсан. Тэд 2016 онд тус ордын эзэмшлээ Засгийн газарт нь шилжүүлэн өгсөн байна. Гэсэн ч 17 жилийн турш үйл ажиллагаа явуулсан “Рио Тинто” компани одоогоор ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна. Мөн Папау Шинэ Гвиней улс байгаль орчны бохирдлоос болж нас барсан 20,000 орчим иргэний амь нас болон нөхөн сэргээлтийн бүх зардлыг гаргахыг тус компаниас шаарджээ.

Зураг: Гвиней улс, “Bougainville” зэсийн уурхай
Баримт 4. Мозамбик улсын Тете мужид нүүрсний уурхай байгуулахын тулд “Rio Tinto” нь 2013 оноос эхлэн тэнд амьдардаг иргэдийг нүүлгэн шилжүүлж, хүний эрхэнд ноцтой халдах болсон нь асуудал дагуулсан. Тэд 2014 онд орд ашиглах лицензээ худалдсан ч нүүлгэн шилжүүлсэн иргэдэд нөхөн төлбөр төлөөгүй юм.

Зураг: Мозамбик улс, Тете муж
Баримт 5. Үндэстэн дамнасан корпорацийн судалгааны төв буюу “СОМО”-ын хийсэн судалгаагаар “Rio Tinto” нь Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Оюутолгойн зэсийн уурхайн төсөлд татварын таатай орчныг ашиглан 470 сая ам.доллар төлөхөөс зайлсхийсэн нь тус улс 230 сая ам.долларын татварын орлогын алдагдал хүлээхэд хүргээд байна гэжээ.

Зураг: Монгол улс, Оюу толгойн ил уурхай
Баримт 6. Бүгд найрамдах Мадагаскар улсын “The Tolagngro” эрдэст элсний уурхайн 80 хувийг “Rio Tinto” эзэмшдэг бол үлдсэн 20 хувийг тус улсын Засгийн газар эзэмшдэг байна. Энэхүү элс нь гоо сайхны бүтээгдэхүүн болон нарнаас хамгаалах тосыг үйлдвэрлэхэд ашигладаг гэнэ. Хамгийн гол нь энэхүү уурхай нь дэлхий дээр үлдээд байгаа цөөн хэдэн далайн эрэг дээрх ой модны нэгийг сүйтгэх болоод байгаа бөгөөд тэндээс гарах тоос, тоосонцрын бохирдол нь оршин суугчдын эрхийг зөрчиж байгаа юм байна.

Зураг: Бүгд найрамдах Мадагаскар улс, далайн эрэг дээрх ой модны хэсэг
Баримтаас харахад “Рио тинто” хэрэгжүүлсэн уул уурхайн төслийн ихэнх нь хүн болоод байгалийн эсрэг болж харагдаж байгаа юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу