
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Саудын Арабт айлчилж, тус улсаас нефтийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүсэлт тавихаар төлөвлөжээ.
"ОХУ-ын Украинд түрэмгийлснээс үүдэлтэй дэлхийн эрчим хүчний хямралыг шийдвэрлэхээр Цагаан ордон улайрав. Нефтийн шинэ ханган нийлүүлэгч орон хайх аялалдаа ерөнхийлөгч энэ хавар гарах болно" гэж АНУ-ын улс төрийн мэдээллийн "Axios" сонины мэдээлэв.
Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Айлчлалын тов хараахан зарлаагүй байгаа ч хэд хэдэн улсаас газрын тосны нэмэлт импорт хүсэх боломжтой" гэжээ. Үүнтэй зэрэгцэн АНУ, Венесуэлийн албаны хүмүүс мөн газрын тосны хоригийг зөөлрүүлэх талаар ярилцсан гэх мэдээлэл байна. АНУ-ын хэд хэдэн хууль тогтоогчид Венесуэлийн газрын тосоор Оросын нефтийг орлоход тустай гэж үзсэн хэмээн “New York Times” сонинд дурджээ.
АНУ одоогоор түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний импортын 10 хувийг Оросоос авдаг. Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси: АНУ-ын хууль тогтоогчид Москваг тусгаарлах, түүний дотор Оросын газрын тос, эрчим хүчний бүтээгдэхүүнийг АНУ-д нийлүүлэхийг бүхэлд нь хориглох "хатуу хууль тогтоомжийг судалж байна" гэж мэдэгдлээ.
Байден өнгөрсөн жил уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хэмээн Канад-АНУ-ын нефть дамжуулах хоолой болох "Keystone XL"-ийг цуцалсан юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу