
Өнгөрөгч гуравдугаар сарын 21-нд Дэлхийн дауны хам шинжтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр Швейцарь улсын нийслэл Женев дэх НҮБ төв байранд "TRIO" кино гарсан бол энэ сарын 17 нд буюу Франц улсын нийслэл Парис хотын Юнеско дээр 42-р бага хуралд оролцож киногоо толилууллаа. Найруулагч, жүжигчин Б.Баттөмөрийн "TRIO" кино Хүний эрхийн хүрээнд хүртээмжтэй нийгмийг цогцлоохын төлөө 5 тивийн 17 улсаас 22 шагнал болон навчны эзэд болоод байгаа юм.
"Трио" кино нэг жилийн дотор Женев, Парис, Нью Йорк хотуудад байрлах НҮБ-ын европын болон дэлхийн төв оффис, "ЮНЕСКО"-гийн төв байранд хүний эрх, хөгжлийн бэрхшээл, дауны хам шинж, хүртээмжтэй нийгэм, хүнийг ялгаатай хөгжил, арьс өнгөөр үл ялгаваран гадуурхах, уламжлалт сэтгэлгээг халах, монгол хэмээх нэрийг олон улсад зүй бус, буруу утгаар хэрэглэхийг хязгаарлан хорих зорилготой цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, урлаг болон шашны байгууллагуудаар дамжуулан олон нийтийг соён гэгээрүүлэх, зөв мэдлэг, эерэг мэдээллийг өгөх глобал нөлөөллийн ажлыг амжилттай хийж дуусгажээ.
Тэгвэл "TRIO" кино 2024 оныг амжилт дүүрэн эхлүүлж, Австралийн олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарлаа. Ази кино, тэр дундаа Монгол кино олон улсад ийм өндөр амжилт үзүүлж байсан тохиолдол өмнө нь байгаагүй юм.




