
Мьянмарт шоронд хоригдож буй удирдагч асан Аун Сан Су Чигийн орон сууцыг худалдах дуудлага худалдаанд оролцогчид ирээгүй талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 2021 оны төрийн эргэлтээр огцруулсан Аун Су Чи болон түүний ах Аун Сан Оо нарын хооронд олон жил үргэлжилсэн хуулийн тэмцлийн эцэст Янгоны Инье нуур дахь 1,923 акр (0,78 га) талбай бүхий гэр бүлийн өмчийг Дээд шүүхийн шийдвэрээр дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Нобелийн шагналт Су Чи 27 жилийн хорих ял эдэлж байгаа. Их Британиас буцаж ирснээсээ хойш Мьянмарт хунтагийн дэглэмийн үед гэрийн хорионд 15 жилийг өнгөрүүлсэн. Су Чи суллагдсаныхаа дараа нийслэл Нейпьитау руу нүүж, 2021 оны хоёрдугаар сард огцрох хүртлээ Мьянмарын де-факто удирдагчаар ажилласан. Өдгөө 78 настай түүний ах Аун Сан Оо анх 2000 онд үл хөдлөх хөрөнгийн хувийг нэхэмжилж шүүхэд хандсан байна. 2016 онд шүүхээс талбайг ах, дүүс тэнцүү хуваах шийдвэр гаргасан. Аун Сан У өмчөө дуудлага худалдаагаар зарж, орлогыг нь хуваахыг шаардаж олон удаа давж заалдсан ч бүтэлгүйтсэн. Төрийн эргэлт хийсний дараа Улсын дээд шүүх түүний тусгайлсан гомдлыг хүлээн авч, уг эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гаргасан.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу