Төрийн хар хайрцагны бодлогыг тодорхойлдог гадаад харилцааны салбарт Б.Батцэцэг сайд “жулдаж” байна

Хуваалцах:
Төрийн хар хайрцагны бодлогыг тодорхойлдог гадаад харилцааны салбарт Б.Батцэцэг сайд “жулдаж” байна

Сүүлийн үед Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн үүсгэн байгуулсан “Мөнхийн үсэг” тэргүүтэй компаниуд төрийн хамаг том тендерийг хамж бүхэл бүтэн нэг салбарт монопольчилж буй тухай мэдээ, мэдээлэл олны анхаарал татаж, ард  түмний дургүйцлийг дэвэргэж байна. Б.Батцэцэг сайд сүүлийн гурван ч Засгийн газар дамнан, таван жилийн турш гадаад харилцааны салбарыг удирдаж буй. Сайд эмэгтэй саяхан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би дуртайдаа сайдаар ажиллаагүй, надаас өөр энэ том, хэцүү салбарыг авч явах хүн өнөөхөндөө үгүй учраас намайг улираан ажиллуулсан. Миний явуулж буй бодлого ярих юмгүй сайн” гэсэн утга бүхий үг унагаатхлаа. Сайдын энэ мэдэгдэлд анализ хийхийн өмнө дэлхийн бусад улс орон ямар хүнийг Гадаад харилцааныхаа сайдаар томилдгийг, томилсон сайд нар нь ямар боловсролтой, яаж ажилладгийг сонирхоотхоё.

Урд хөршийн Гадаад харилцааны сайд Ван И боловсролоороо гайхагддаг нэгэн. Бээжингийн олон улсын харилцааны сургуульд бакалавр, Diplomatic Academy of China-д магистр хамгаалж, Жоржтауны их сургуульд зочин судлаачаар ажиллаж байж. Мань эрийг япон, англи хэлтэй, олон улс судлал, эдийн засгийн боловсролтой, өндөр төвшний дипломатч гэдгээр нь дэлхий андахгүй. Гал гарсан олон асуудлыг чадмаг шийдсэн кейс түүний намтарт олон бий. Хоёр жилийн өмнө гэхэд л Хятад, АНУ-ын харилцаа Тайваниас болж хурцдахад Ван И Америкийн  төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жек Салливан нартай нүүр тулж, хоёр улсын төрийн тэргүүний уулзалтын бэлтгэлд онцгой анхаарч их гүрнүүдийн хаашаа ч эргэж мэдэхээр хурцадмал нөхцөлийг намжааж, зөөлрүүлж байв. Хятадаас эхлэлтэй “Бүс ба зам” санаачлага дэлхийг хэрэхэд Ван И-гийн оролцоо өндөр байсныг бас тодотгох учиртай. Орос, Украйны дайны үед Хятад улс төвийг сахисан бодлогыг тун ихэмсгээр сахиж буй. Энэ ухаалаг байр суурийн гол “автор” нь мөн л Ван И.

Төрийн хар хайрцагны бодлогыг тодорхойлдог гадаад харилцааны салбарт Б.Батцэцэг сайд “жулдаж” байна

Солонгосын Гадаад харилцааны сайд Чо Хён Гадаад харилцааны дэд сайд, НҮБ дах байнгын төлөөлөгч зэрэг олон чухал алба хашсан туршлагатай дипломатч. Сөүлийн Ионсей их сургууль, Columbia University-гийн төгсөгч. Магистраа Францын Paris Institute of Political Studies-д хамгаалж байжээ. Магистр хамгаалсан сэдэв нь “Олон улсын улстөрийн шинжлэх ухаан”. Доктороо ч Францад хамгаалсан нь түүний намтарт тод дурайж байна. Америк, Европын нэр хүндтэй академик байгууллагуудад суралцсан түүнийг олон улсын харилцааны стратеги ур чадварт өндөр мэргэшсэн гэж салбарынхан нь үнэлдэг.

Их Британийн Гадаад харилцааны сайд Иветт Купер Оксфордын их сургуульд баклавр, магистр, докторт суралцсан, олон улсын харилцааны гүнзгий мэдлэгтэй нэгэн. Түүнийг дэлхийн шилдэг дипломатууд  олон улсын асуудлуудыг хурдан, зөв шийдэх онцгой чадвартай гэж шагшдаг. Индонезийн Гадаад харилцааны сайд Сугьоног улсынхаа гадаад бодлогыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд авч явдаг хэмээн үнэлэх дипломатч олон. Индонезийн Үндэсний их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн тэрээр АНУ-д олон улсын харилцаа, дипломат харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалж байж. Энэ бүсгүйн удирдлага доор Индонезичууд олон улсын аюулгүй байдал, худалдаа, хүний эрх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлуудад дэлхийн төвшинд “тоглож” чадаж байна.

Энэ мэтээр тоочвол дэлхийн том, жижиг бүх л улс өндөр мэдлэг, чадвартай дипломатчийг Гадаад харилцааны сайдаар томилдгийг төвөггүй харчихаж болно. Улс орнуудын хөгжил, аюулгүй байдал, тусгаар хүчтэй орших эсэх нь  дэлхийтэй хэрхэн яаж харилцахаас шалтгаалдаг учраас ийм хүмүүсийг томилохоос аргагүй юм.

 

Одоо Монгол улсынхаа Гадаад харилцааны сайдын боловсрол, туршлагыг сонирхоцгооё.  МУИС, СЭЗДС-ийг төгссөн тэрээр туршлагын хувьд өөрийнхөө үүсгэн байгуулсан “Мөнхийн үсэг” хэвлэлийн компанид л ажиллаж байж. МАН-д тодорхой алба хашсаныг нь эс тооцвол түүний туршлага ердөө энэ. Дотоодынхоо их сургуулиудад л сурсан, өндөр хөгжилтэй оронд олон улсын харилцааны чиглэлээр эзэмшсэн боловсрол, туршлагагүй тэрээр 2016 онд гэнэтхэн  Гадаад харилцааны дэд сайд болсныг намтраас нь харчихаж болно. 2020 он хүртэл дэд сайдын алба хашиж байгаад 2021 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны сайдын албыг хашиж буй. Ингээд харахаар түүнд дэлхий  хүлээн зөвшөөрөхөөр  боловсрол алга. Өндөр хөгжилтэй оронд сурсан он жил намтарт нь алга. Олон улсын харилцааны чиглэлээр ажилласан дориун туршлага ч алга.  Намынхаа татаас нөлөөгөөр буюу улстөрийн томилгоогоор Гадаад харилцааны сайдын албанд очсон нь дээр өгүүлсэн баримтуудаас тодорхой харагдаж байна.

Гэтэл дэлхийн улс орнууд мэргэшсэн, туршлагатай, өндөр боловсролтой хүмүүсээ л Гадаад харилцааны сайдаар томилдог. Ямар ч улс дэлхийн орнуудтай өндөр төвшний хэлэлцээр хийх чадвартай, олон улсын хэмжээний геополитикийн уран нүүдэл хийхүйц мэдлэг, туршлагатай хүнээ  Гадаад харилцааны сайдаар тавьдгийг нийтлэлийн эхэнд олон кейсээр нотлосон учир давтаж улиглахаа азная. Улстөрийн томилгоогоор сайдыг нь тавьж болдоггүй  цор ганц салбар гадаад харилцаа учраас гадны улсууд мэргэшсэн хашир дипломатчдадаа  энэ салбараа даатгадаг юм. Хиймэл оюун ухаан, худалдаа, геополитикийн дайн гээд дэлхийн газрыг зургийг яаж ч өөрчилж мэдэх олон шинэ нөхцөл үүссөн өнөө цагт улс орнууд гадаад бодлогодоо өмнөхөөсөө ч  онцгой анхаараад эхэлчихснийг онцлон тодотгоё.  Тэр ч утгаараа таван тивийн орнуудын Гадаад харилцааны сайд нар дэлхийн төвшинд “тоглож” чадах туршлагатай стратегич, дидломатчид байна.

Гадаад харилцааны сайд бол улстөрийн томилгоо биш, Гадаад харилцааны сайд бол  дэлхийн хэмжээний боловсролтой дипломатчдын хийж барах ажил, гадаад харилцаа бол төрийн хар хайрцагны бодлого  гэдгийг дэлхийгээрээ хүлээн зөвшөөрчихсөн ийм цагт манай Гадаад харилцааны сайд дэндүү жулдаж байна. Монголд хөгжингүй улсад номын дуу сонссон, олон улсын харилцаагаар өндөр түвшинд мэргэшсэн боловсролтой хүмүүс өчнөөн бий. Тэр дундаа  боловсон хүчний нөөц сайтай гэгддэг МАН-д ийм хүн хэдэн арваараа байгаа. 

Төрийн хар хайрцагны бодлогыг тодорхойлдог гадаад харилцааны салбарт Б.Батцэцэг сайд “жулдаж” байна

Гэтэл компани нь төрийн хамаг том тендерийг хамдаг, Оросын нөлөөнөөс гараагүй хөгжил буурай “стан” улсуудаас хальж сэтгэж чадахгүй өнөөг хүрсэн, өнгө өнгийн дээлтэй “монголжингоо сайд” гэсэн гял цал пи ар-аас өөр гялтайх имиж, харизмгүй Б.Батцэцэг сайд “Надаас өөр энэ албыг хаших хүн алга” гэх ухааны мэдэгдэл хийсэн шигээ сууж байна гэдэг шуудхан хэлэхэд монгол төрийн эмгэнэл юм.

Хатуухан хэлэхэд дэлхийн хэмжээний боловсрол, мэдлэг, чадвартай хүнийг Гадаад харилцааны сайдаар тавьж байж Монгол улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө. Тэгж байж Монгол улс гоё харагдана. Ерөнхийлөгчийн нэр нөлөө, имиж дэлхийн тавцанд тодорч харагдана.

Одоо бидэнд дэлхийн  улс орнуудын Гадаад харилцааны сайд нарын энд хүрэхүйц туршлага, чадвартай хүн хэрэгтэй байна. Ийм хүн Гадаад харилцааны салбарыг удирдаж гэмээ нь Монгол улс өмнөх шигээ дэлхийн төвшний геополитикийн тоглолт хийх чадамжтай болно. Гадаад харилцааны сайд нарын шинэ үеийн түүх Монгол Улсын  тусгаар тогтнолын түүхэнд тод мөртэй, алтан ургийн язгууртан Чин Ван Ханддоржоос эхэлдэг. За тэгээд Ц.Гомбосүрэн,  Р.Амаржаргал, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар гэх өндөр боловсролтой мэргэшсэн дипломатчид энэ салбарыг удирдаж байсныг энэ дашрамд онцлон тодотгоё. Гадаад харилцааны салбарын мэргэшсэн дипломатчид Б.Батцэцэг сайдын шийдлүүдэд сэтгэл дундуур явдгийг ч бас төрийн өндөрлөгүүдэд дуулгая.

 

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

 

 

 

 

 

 

 

 


Хуваалцах:
0Хаха
2Таалагдсан
0Гунигтай
2Нүдний булай
0Пөөх