УЛС ТӨРОнцлох

Эрх мэдлээ ашигласан байж болзошгүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг АТГ яагаад шалгадаггүй вэ

Хуваалцах:
Эрх мэдлээ ашигласан байж болзошгүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг АТГ яагаад шалгадаггүй вэ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд төрөөс зарлаж буй тендерүүдийн дийлэнхийг хамж байгаа талаар хэвлэлүүд сүүлийн үед эрчимтэй бичих болсон. Мэдээлэлд ойр эрх мэдлээ урвуулан ашиглаж, тендерийн бичиг баримтыг хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийнхээ чадал чансаанд тааруулан зарлуулдаг байж ч болзошгүй гэсэн хардлага хэвлэлийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн эздийн дунд бий. Харамсалтай нь энэ талаар дуугардаг зоригтой хүн цөөн юм. Ганц дуугарсан нь  “Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат. Тэрбээр ярилцлагадаа “Ганц сайдын компанийн хэвлэлийн бүх том тендерийг хамж байгаа нь үнэн. Сонгуулийн саналын хуудасны хэвлэлийг гэхэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдлийн компани бүхэлд нь авчихсан. Бараг тэдний хувийн мэдлийн ажил болж хувирсан. 2016 оноос хойших сонгуулиудын саналын хуудсыг хэвлэж байна” гэдгийг тодотгосон.

Дэд сайдын суудалд суусан үеэсээ л төрийн тендерийг хамж “сурсан” гэж болохоор. “Эргэлт.мн” сайтад бичсэнээр бол “Гадаад харилцааны дэд сайд байхад нь хувийн компаниуд нь 41 тендерт ялж, 3.2 тэрбум төгрөг авч байсан баримтыг манай сайтын сэтгүүлч олон нийтэд ил болгож байлаа. Тухайлбал, “Монголын үнэт цаас хэвлэл”, “Мөнхийн үсэг”, “Азхур” ХХК нь төсвийн 12 тендер авчихсан байх жишээний” хэмээсэн байв. 

2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр ажиллах болсноос хойш Б.Батцэцэг төрийн худалдан авах ажиллагааны маш их мэдээлэлтэй ойр харилцаж эхэлсэн нь ойлгомжтой. Тиймдээ ч дээр дурдсан олон тендерт хамаарал бүхий компаниуд нь шалгарах болсон биз. Жишээлбэл, 2016 оны сонгуулийн саналын хуудаснаас гадна Б.Батцэцэгийн хамаарал бүхий “Мөнхийн үсэг”-ийн охин компани болох “Экопак Монгол” ХХК нь 2016 оны УИХ-ын сонгуулийн санал тоолох хайрцагны нийлүүлэгчийн тендерт оролцон ганцаараа шалгарч байсан гэдэг. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниудын “эзэн суусан” тендерүүдийн талаар цахим мэдээллийн сангаас “шүүрдэхэд” олон зүйл гарч ирдэг.

Түүний үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг аж ахуйн нэгжүүд төрийн тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасуудыг хэвлэх тендерт оролцон шалгараад зогсохгүй, үндэсний гадаад паспортын бэлдцийг нийлүүлэхээр болсон тухай ч хэвлэлүүдэд бий. “Зууны мэдээ” сонин, түүний харьяа “polit.mn” сайтад “Гадаад паспортын бэлдцийг дотоодын компани нийлүүлнэ” гэсэн мэдээ 2021 онд нийтлэгдсэн бөгөөд түүнд “Шинэ гадаад паспорт тоон гарын үсэгтэйгээр 2021 ондоо багтаж хэрэглээнд нэвтрэх юм байна. Хамгийн гол нь шинэ загварын гадаад паспортын бэлдцийг дотоодын компани нийлүүлэхээр болжээ. Тэр нь одоогийн Засгийн газрын нэгэн сайдын хамаарал бүхий компани бөгөөд паспортын бэлдэц хэвлэх үйлдвэрээ оруулаад ирчихсэн юм байна” хэмээсэн нь мөнөөх Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн талаар өгүүлсэн ажгуу. Үүнээс дүгнэхэд Б.Батцэцэг сайд мэдээлэлд ойр эрх мэдлээ урвуулан ашигласан байж ч болох нь. Өөрөөр хэлбэл, гадаад паспортыг шинэчлэхээр болсныг мэдээд түүний бэлдцийг нийлүүлэх үйлдвэрээ өмнө нь оруулаад ирчихсэн байх нь.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль, шүүхийн өмнө ижил, тэгш байх ёстой. Гэтэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт хууль шүүх арай л өөрөөр үйлчлээд байх шиг. Учир юу гэвэл, Ерөнхий сайд асан Санжийн Баяр, Сангийн сайд асан Сангажавын Баярцогт тэргүүтэй хүмүүсийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа мэдээлэлд ойр эрх мэдлээ ашиглан өөрсдөдөө давуу байдал олгож албан тушаалаа урвуулсан хэмээн яллагдагчаар татан, шоронд суулгаж байсныг хүмүүс санаж байгаа. Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд Сангийн сайдын зөвлөх байх үеэсээ эхлэн төрийн худалдан авах ажиллагааны мэдээлэлд маш ойр байж, түүгээрээ далимдуулан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээ тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлж, давуу байдал олж авч буй нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нэг үндэслэл болоод байна. Харамсалтай нь Авлигатай тэмцэх газар (АТГ), прокурорын байгууллагынхан үүнийг нь огт шалгахгүй, нээсэн мөрдөн байцаалтын бүү хэл, хэрэг бүртгэлтийн ч хэрэг байхгүй гэнэ билээ. Уг нь дээр дурдсан “Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбат АТГ-т гомдол гаргаж шалгуулахаар хандсан гэдэг. Энэ талаараа ярилцлагадаа “Энэ асуудалтай холбоотойгоор би АТГ-д гомдол гаргасан. Тэгсэн “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д давуу байдал бий болгож, хууль бусаар сонгон шалгаруулсан нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг 2021 онд хаасан” хэмээн өгүүлсэн нь бий.

Төрийн эрхийг МАН-ынхан барьж буй өнөө цагт сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал олгосон гэх гомдол мэдээллийг хууль хяналтын байгууллагынхан шударгаар шалгана гэдэг нь эргэлзээтэй.

Тиймдээ ч Р.Энхбатын гомдлыг прокурор, мөрдөх байгууллагынхан нь хаачихсан биз. Уг нь авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг нь мэдээлэлд ойр хэн нэгэн эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдын боломжийг хулгайлж буй явдал гэдгийг хууль тогтоогч, хэрэгжүүлэгчид бүгд л сайтар мэднэ. 

Эцэст нь тэмдэглэхэд элдэв хэл аманд өртөж, өөрийнхөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг төрийн олон тендерт шалгарах боломжийг бүрдүүлсэн байж болзошгүй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтээ Ерөнхий сайд Г.Занданшатар хариуцлага тооцож чадахгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч өмнөх Засгийн газраас улируулан сайдаар нь авч үлдээ биз. Өмнө нь Гадаад харилцааны сайдын албыг нэр төртэй хийж явсан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гэхэд өнөөгийн сайдынхаа ажилд чамлалттай ханддагаа илэрхийлсэн нь хэвлэлийн хуудсанд бий. Тэрбээр “Бид аливаа конвенцод орох гэж биш гарын үсэг зурах гэж УИХ-аас зөвшөөрөл авна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Үүнийг гаднынхан сонсвол юу гэж ойлгох вэ. Таны хариулт эрх зүйн хувьд ноцтой үр дагавар дагуулж байна. Асуудлаа мэдэхгүй байж УИХ дээр олон юм ярих юм. Асуудлаа мэдэхгүй, ажлаа мэдэхгүй конвенцод нэгдэх талаар ярьж болохгүй” хэмээж байв.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх