Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Чуулганы хуралдаанд гишүүд нэр өгсөн дарааллын дагуу асуулт асууж буй юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
"2026 оны Хөгжлийн төлөвлөгөөг Засгийн газар өргөн барьж, УИХ хэлэлцэж баталсан. Би тэр үед төрийн албан хаагчийн есөн хувийг цомхотгох асуудалд эсрэг байр суурь илэрхийлж байсан. Яагаад гэхээр албан хаагчдыг цомхотгох аргачлал нь байхгүй байна. Төсөвт хэмнэлт гарна гэж үзээд ингэж байгаа юм байна. Үүнийг дагаад 7000 хүн тэтгэвэрт гарахаар хүсэлтээ өгч, 375 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай. Нэг жилийн хугацаанд олгох боломжгүй учраас хоёр хуваана гэсэн. Хүнээ хоёр хуваах юм уу, мөнгөө хуваах юм уу. Хүнийг нь хоёр хуваалаа гэхэд дараа жил нь ажлаа хийж байхдаа цомхотголд орвол яах вэ. Төр ямар баталгаа гаргаж өгөх вэ. Жилд 14 мянган хүн тэтгэвэрт гардаг байсан бол одоо 20 гаруй мянга болж байна. Цаашдаа тэтгэврийн данс, ажилгүйдлын сан чинь дийлэх юм уу. Төсөв хэмнэх гэсэн биш хэсэг хугацааны дараа дарамт болох юм биш үү" гэв.