
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, А.Ариунзаяа нар санаачлан өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Өдгөө дэлхийн 93 улсад эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байгаа бөгөөд 90 орон тус эмчилгээний талаарх бие даасан хууль тогтоомжийг баталжээ.
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг баталснаар эрх зүйн орчин улам боловсронгуй болж, эмчилгээний үр дүнтэй аргууд нэвтэрч эхэлнэ. Түүнчлэн иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаар баримтлах бодлого, зохицуулалт ойлгомжтой, тодорхой болж, эмчилгээний чанар, хүртээмж, үр дүн сайжирна гэж үзэж байна.




