Татварын багц хуулийн төслийг эцэслэн баталлаа

Хуваалцах:
Татварын багц хуулийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас тавдугаар сарын 6-ны өдөр өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг эцэслэн батлалаа. Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Хувь хүний орлогын албан татвар дээр 792 мянга хүртэлх хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээнээс 0 хувьтай байх, хоёр сая хүртэлх хэмжээнээс нэг хувьтай байна. 792 мянга хүртэлх хөнгөлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлнэ. Хоёр сая хүртэлх хэмжээнээс нэг хувьтай байх татварыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Ийнхүү хөдөлмөр эрхэлж байгаа нэг сая 30 мянган иргэн хөнгөлөлтөд хамрагдах боломжийг бүрдүүлж өглөө. Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо.

Иргэдийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн шимтгэл авдаг татварыг чөлөөлөх хуулийн төслийг мөн эцэслэн баталлаа. Аж ахуйн нэгжийн хувьд, өмнө нь байсан татварын босгын шатлалыг нэмж өгсөн. Татварын өмнөх орлого нь зургаан тэрбум төгрөг хүртэлх бол 10 хувь түүнээс дээш бол 25 хувийн татвар авдаг байсан. Үүнийг өөрчилж, 6-10 тэрбум төгрөгийн хооронд орлоготой бол 15 хувийн татварын хувь хэмжээ тавьж өглөө.

ЖДҮ эрхлэгчдийн орлого 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум төгрөг болгож, хялбаршуулсан горимоор татвараа төлөх буюу нэг хувийн татвар оногдуулах өөрчлөлтийг баталлаа. Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 100 хувь чөлөөлөхөөр боллоо.

400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийг өнөөдөр эцэслэн баталлаа. Мөн Онцгой албан татварт өөрчлөлт оруулсан. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлтийг хоёр сараар хойшлуулах, аж ахуйн нэгжийн тайлангаа гаргаж, тушаах хугацааг хоёр жилээр оновчтой болгох зэрэг заалтуудыг баталлаа" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх